Сүүлийн үед бага насны хүүхдийн хөгжил гэхээсээ илүүтэйгээр төлөвшил хүмүүжлийг чухалчилж байгаа учраас Ховд аймгийн Боловсрол Соёл урлагийн газраас санаачлан Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран цэцэрлэгийн туслах багш нарын 3 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд нийтдээ 50 багш хамрагдсан бөгөөд тэдэнд бага насны хүүхдийн хөгжлийн чиг хандлага, хөдөлгөөн эрүүл мэнд, хөгжил, дүрслэх хөгжүүлэх үйл ажиллагаа, зан чанар харилцаа хөгжүүлэх үйл ажиллагаа зэрэг харилцааны наад захын асуудлаар сүүлийн үеийн мэдээлэл, баримтлах бодлогын талаар хичээл заалаа. Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр хэрхэн боловсруулах, цэцэрлэгийн үзэл баримтлал, цэцэрлэгийн орчны стандарт шаардлага зэрэг мэргэжлийн байгууллагад тавигддаг шаардлагын талаар зөвлөгөө өгсөн байна. Энэ удаагийн сургалтанд хамрагдсан туслах 50 багш өөрсдийнхөө мэдлэг туршлагаа дээшлүүлээд зогсохгүй сургагч багшаар бэлтгэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл сургалтаас олж авсан мэдлэг туршлагаараа аймгийнхаа,сумдынхаа, өөрсдийн цэцэрлэгийнхээ сургалтанд хамрагдаагүй бусад туслах багш нартаа сургалт явуулах юм. Ховд аймгийн хэмжээнд төрийн өмчийн 30, хувийн хэвшлийн 14 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрт нийтдээ 270 гаруй туслах багш ажиллаж байна.
Сургалтаас бэлтгэсэн мэдээ: