Ховд аймгийн Баруун 3 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна.


Ховд аймгийн Булган, Алтай, Үенч сумдад их хэмжээний цас орсоны улмаас өвөлжилт хүндэрч болзошгүй мэдээ байна. Энэ асуудлаар өнөөдөр Ховд аймгийн онцгой комисс хуралдлаа. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн нутгаар  цаг  агаарын нөхцөл байдал төдийлөн хүндрээгүй ч Алтайн цаадах баруун 3 сум болох Булган, Алтай, Үенч сумдад их хэмжээний цас үргэлжлэн орсоны улмаас өвөлжилтийн байдал хүндрээд байна.Энэ талаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх Аймгийн Онцгой комиссын хуралд мэдээлэл хийлээ. Булган  суманд цасны хэмжээ 20-40 см-ийн, хунгарласан газраа  40-60 см-ийн зузаантай байгаа бол Үенч Алтай сумдад ч мөн адил хэмжээний зузаан цасан бүрхүүлтэй байгаа юм байна. Дээрх сумдын мал аж ахуйн багуудын хувьд сумаасаа алслагдсан,малчид нь  уулархаг нутгаар өвөлждөг учраас зам даваа хаагдах, малчдад төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд  хүндрэл учирч болзошгүй нөхцөл үүсээд байгаа тухай мэдээг орон нутгаас ирүүлсээр байна. Цаашдаа хүйтний эрч улам чангарч, ихэнх нутгаар цас нэмж орох төлөвтэй  байгаа учраас өнөөдрийн онцгой комиссын хурлаар 11-р сарын цаг агаарын нөхцөл байдал, учирч болох бэрхшээлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, Аймгийн ХХААГ-аас мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангасан талаар, Алтай, Үенч, Булган сумдад үүссэн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж зохих шийдвэрийг гаргалаа. Ойрын өдрүүдэд  Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж зудын байдлыг тогтоох юм байна. Аймгийн Онцгой комиссын хурлаас хийсэн сурвалжлагыг хүлээн авч үзнэ үү.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ