Жаргалант сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2016 оны 11-р сарын 02-ны өдөр хуралдсан. Уг хуралдаанаар Жаргалант сумын засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхэд МАН-аас сумын намын хорооны дарга Ц.Ганданповрон 31 төлөөлөгчийн 16 буюу нийт төлөөлөгчдийн 51.61 хувийн санал авч Жаргалант сумын засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад өргөн мэдүүлээд байсан билээ. Тэгвэл Аймгийн Засаг дарга Ц.Ганданповроныг Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагчаар батламжилсаны дагуу өнөөдөр Жаргалант сумын Засаг дарга Д.Баасандоржоос үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа.
Ийнхүү Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон хэлэхдээ: Ард түмнийхээ төлөө ажиллаж, намын мөрийн хөтөлбөр, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Ховд хотыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, болон бусад бодлогын баримт бичигт тулгуурлан, төрийн ажлын залгамж халааг алдагдуулахгүйгээр чин шудрагаар ажиллахаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Д.Баасандорж даргын хийж хэрэгжүүлж байсан үр дүнтэй, сайн ажлуудыг цаашид үргэлжлүүлэн, Ховд хотоо хөгжүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, баг хамт олонтойгоо хамтран ажиллахаа онцоллоо.
Ийнхүү сумдын засаг дарга нар ажлаа хүлээн авсаар байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр 11-р сарын 11 гэхэд бүх сумдын Засаг дарга нар бүрэн томилогдож дуусах юм байна.