ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ 100 ХОНОГТ

Аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогын болон цаг үеийн асуудлыг шийдвэрлэхээр аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн хуралдааны бэлтгэлийг бүрэн хангуулан тухай бүр хуралдуулж, хэлэлцэж буй асуудлаар шийдвэр гаргуулан хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.


Аймгийн ИТХ-ын 2016 оны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд 7 бүлэг 68 асуудлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.  


1. Аймгийн ИТХ-ын хуралдаан:

Аймгийн ИТХ-ын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны Анхдугаар хуралдааныг  2016 оны 07 дугаар сарын 15-наас 25-ны хооронд зохион байгуулж Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, анхдугаар хуралдааны дэгийг хэлэлцэн баталж, Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгон, ИТХ-ын бүтцийн байгууллага болох Хороодоо байгуулж, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 



Аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж, аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацааны байнгын дэг, аймгийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Ховд аймгийн ногоон хөгжлийн /2016-2026 он/ хөтөлбөр”-ийг тус тус хэлэлцэж батлав.

Аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаан зохион байгуулагдсантай холбогдуулан Хурлын дэргэдэх ИТХ дахь 4 хороо хэлэлцэж буй асуудлаар хуралдаж зохих дүгнэлтийг гарган хуралд танилцууллаа.


  2. Төлөөлөгчдийн өдөр:


Шинээр байгуулагдсан аймгийн ИТХ-ын “Төлөөлөгчдийн өдөр”-ийн арга хэмжээг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж, аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг дүгнэх, 2017 оны Үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлэг явуулж, саналыг нэгтгэн аймгийн Засаг даргад хүргүүллээ.  

Аймгийн ИТХ-ын “Төлөөлөгчдийн өдөр”-ийг 14 хоногийн хугацаатай аян хэлбэрээр зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаатай танилцах зорилгоор аймгийн ГХБХБГазар, “Шим-Ус” ОНӨААТҮГ, Дулааны “Бадамлах дөл” ХХК, Дулааны II станц дээр ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэлтэй танилцан, холбогдох үүрэг, чиглэл, зөвлөмжийг хүргүүлж ажиллалаа.


Аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,  2017-2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг журмын дагуу баг сум, иргэдийн саналыг үндэслэн боловсруулсныг “Төлөөлөгчдийн өдөр”-өөр хэлэлцүүлж саналыг нэгтгэн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж Сангийн яаманд хүргүүллээ.

Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Эрчим хүчний үр ашиг” төслийн хүрээнд “Дулааны алдагдлыг бууруулах нь” сургалт 2016 оны 8 дугаар сард зохион байгуулагдаж, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид оролцлоо.


3. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан:

Аймгийн ИТХ-ын 100 хоногт Тэргүүлэгчид 10 удаа 54.5-90.0 хувийн ирцтэйгээр хуралдаж, 30 гаруй асуудлуудыг хэлэлцэж, 34 тогтоол гарган, 7 удаагийн тэмдэглэлээр аймгийн Засаг дарга, төрийн захиргааны байгууллага, холбогдох агентлаг, хэлтэст үүрэг даалгавар өгч , цаг үеийн тулгамдсан асуудлаар аймгийн ЗДТГ-т чиглэл өгөн, тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байна.

Тэргүүлэгчдийн хуралдаанаас аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай, Орон нутгийн өмчийн 2015 оны жилийн эцсийн тооллогын дүнгийн тухай, аймгийн 2016 оны төсвийн төслийг дэмжих тухай, Аймгийн ИТХ-ын Хороодын чиг үүрэг, бүрэлдэхүүнийг батлах тухай, Ховд аймгийн орон нутгийн өмчийн 2016 оны тооллогын дүнгийн тухай, Тэргүүлэгчдийн хуралдааны дэг батлах тухай, Хороодын чиг үүрэг, бүрэлдэхүүнийг батлах тухай, сумын ИТХ-ыг сонгох сонгуулийн хороодыг байгуулах тухай, Хөрөнгийн тухай, ажил эрчимжүүлэх тухай, орон нутгийн өмчийн албаны чиг үүргийг шилжүүлэх тухай, Аймгийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц орон тоог батлах тухай, Улс төрийн албан тушаалтнуудад тэтгэмж олгох тухай зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцүүлэн шийдвэрлэж аймгийн Засаг дарга болон холбогдох ажил хариуцсан байгууллага албан тушаалтнуудад хүргүүлж, биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байна.


4.Бусад ажлын талаар:

Аймгийн өмчийн 2015 оны жилийн эцсийн тайланг хүлээн авч, Улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн батлагдсан төсөв, түүний гүйцэтгэл, сум, аймгийн ИТХ-ын хөрөнгө бэлтгэхтэй холбогдож гарсан тогтоол шийдвэрүүдийг авч байгууллага бүрээр хөрөнгө оруулалт, хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг тулган баталгаажууллаа.

Аймгийн Засаг даргын 2016 оны “Тооллогын комисс байгуулах тухай” А/303 дугаар захирамжаар байгуулагдсан тооллогын комиссоос нийт 17 сум, 155 байгууллагад орон нутгийн өмчийн тооллогыг зохион байгуулсан үр дүнд үзлэг хяналтыг хэрэгжүүлэн төрийн өмчийн 45 байгууллагад тооллогын мэдээлэл, арга зүйн зөвлөмж хүргэн ажиллав.

Тооллогоор нийт 184203,5 сая төгрөгийн хөрөнгө тоологдсоноос 78,3 хувь буюу 144284,8 сая төгрөгийг барилга байгууламж /бүх төрлийн барилга,  нийтийн эзэмшил, орон нутгийн зам, гүүр, худаг,  услалтын систем/,  7,8, хувь буюу 14591,9 сая төгрөгийг машин, тоног төхөөрөмж, 6,2 хувь буюу 11413,3 сая төгрөгийг дуусаагүй барилга байгууламж, 3,3 хувь буюу 6022,1 сая төгрөгийг тавилга, эд хогшил, 2,8 хувь буюу 5196,4 сая төгрөгийг авто тээврийн өөрөө явагч хэрэгсэл, 0,8 хувь буюу 1463,9 сая төгрөгийг түүх соёлын дурсгалт зүйл, 0,6 хувь буюу 1170,7 сая төгрөгийг номын фонд, 0,1 хувь буюу 169,4 сая төгрөгийг биет бус хөрөнгө тус тус эзэлж байна.

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр шинээр сонгогдсон 41, Улс төрийн албан тушаалд томилогдсон 3 ажилтны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, цахим хэлбэрээр баталгаажуулан зохих байгууллагад хүргүүллээ.

Аймаг, орон нутгийн хөгжлийн төлөө салбар бүрт үр бүтээлтэй ажиллаж буй 84 хүнийг төрийн дээд шагнал одон медалиар шагнуулахаар Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, Ерөнхийлөгчийн Тамгын Газарт хүргүүлээд байна. Мөн аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 121 хүнийг Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ.

Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын сургалт семинарыг зохион байгуулж арга зүй, удирдлагаар хангаж ажиллаж байгаа бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс болон Хуралдаанаас баталсан тогтоол шийдвэрийг сурталчлах, иргэд олон нийтийн санаа бодлыг сонсох ажлыг аймгийн 5 суманд зохион байгуулсан байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэх өдрийг аймгийн ЦАУЗБСалбар комисс 21 дэх жилдээ тэмдэглэн Ганданпунцагчойлон хийдтэй хамтран 108 зул асааж, буяны ном хуруулж, Хэлмэгдэгсэдийн хөшөөнд цэцэг өргөж, хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүдийн төлөөллийг аймгийн Хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзаж, Дунд сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд “Хэлмэгдүүлэлтийн хор уршиг” сэдвээр эхний цагийн хичээл зааж, тус өдрийн 11.00-13.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслүүд гэрлээ асаан хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэв.


Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан орон нутгийн Ховд болон Жаргалант телевизүүдтэй хамтран  аймгийн ИТХ, Засаг даргын зүгээс ирэх 4 жилд хийж хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, үр дүнд хүргэх ажил, асуудлын санаа авах зорилгоор “Ахмадаа ачлая” ТВ ярилцлага, хэлэлцүүлгийг зохион байгуулж, хүрэлцэн ирсэн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.



“Баруун бүс нутагт нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийн эхний хэлэлцүүлгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Азийн хөгжлийн банк, аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж, тус арга хэмжээнд баруун 5 аймгийн удирдлагууд, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан газрын дарга, мэргэжилтнүүд оролцож баруун бүс нутгийн хөгжлийг тодорхойлох бүтээн байгуулалтын талаар санал бодлоо сонсож хамтран ярилцсан нь үр дүнтэй арга хэмжээ боллоо.


Байгаль орчин, аялал жуулчлалын яам, GGGI буюу Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин газраас санаачлан аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран “Ногоон хөгжлийн бодлого, орон нутагт анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгуулж, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид оролцов.

Ховд аймагт баригдаж буй томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Ховд агро парк” төслөөс хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлын талаар аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд нэгдсэн мэдээлэл өгч үйл ажиллагаатай нь танилцлаа.


Аймгийн ИТХ-ын khovd.khural.mn цахим хуудсыг хөгжүүлэх ажилд Олон нийт, иргэдтэй харилцах хэлтсээс онцгой анхаарал хандуулж байгаагийн дээр сумдын ИТХ-ын цахим хуудас идэвхтэй ажиллаж байна.

Шинэчлэгдэн байгуулагдсан 100 хоногт 2016 оны 11 дүгээр сарын 01-ний  байдлаар khovd.khural.mn цахим хуудсанд 40 гаруй мэдээ, цаг үеийн нийтлэл, дүрст болон зурган мэдээ нийтлэлийг байршуулж ИТХ-аас гарч буй тогтоол шийдвэр, хөтөлбөр журмуудыг тухай бүр нийтэлж байна. Өдөрт дунджаар 200 орчим, нийт 182310 хандалттай байна. Мөн фэйсбүүк, твиттер хуудсууд өдөр тутам ажиллаж цаг үеийн мэдээллээр интернэт хэрэглэгчдээ ханган ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын хуралдаануудыг бүхэлд нь, Тэргүүлэгчдийн хуралдааны зарим хэсгийн дуу, дүрсний бичлэг хийж, Ховд, Жаргалант, ЭКО телевизүүдээр шууд дамжуулж нийтэд хүргэж ажиллалаа.  


БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Син Хаймин тэргүүтэй төлөөлөгчид Ховд аймагт айлчиллаа. 

Ажлын айлчлалын хүрээнд аймаг, орон нутгийн удирдлагуудтай 2 улсын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх олон чухал асуудлаар харилцан санал солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа хэрхэн сайжруулах, ямар салбарт түлхүү хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар ярилцан, хамтын ажиллагааны санамж бичигт 2 талын төлөөлөл гарын үсэг үзэглэлээ.


  

АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Мануэл Микаллер тэргүүтэй төлөөлөгчид Ховд аймагт айлчиллаа. АНУ-ын Элчин сайдын яам нь Ховд аймагтай 2007 оноос боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт түлхүү хамтран ажиллаж ирсэн бөгөөд аймгийн Нийтийн номын сангийн дэргэд Америк соёлын төвийг байгуулан ажиллаж ирсэнээс гадна ЭСЯ-ны дэмжлэгээр сүүлийн 5 жилийн турш АНУ-ын нүдний нарийн мэргэжлийн эмч нар манай аймаг болон баруун бүсийн аймгуудын 420 гаруй иргэнд үнэ төлбөргүйгээр хагалгаа хийсэн байна.


 

Аймгийн ГХУСАЗЗ-ийн хурлыг хийж 2016 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэж 2017 онд хийх ажлын санал авч, шинээр томилогдсон удирдлагуудаас бүрдсэн шинэ зөвлөлөө байгуулж ажилд нь оруулаад байна.  Аймгийн 16 сумын Олон нийтийн байцаагчдын ажлын тайланг сар бүр авч, ГХУСАЗЗ-өөс цалинжуулан ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурал, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, ИТХ-аас хэрэгжүүлэх “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” үндэсний хэмжээний төслийн нээлт, танилцуулгын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар оролцож ирэх 4 жилд хийж хэрэгжүүлэх сургалт, үйл ажиллагаагаа төлөвлөж, эхний шат болох үндэсний сургагч багш бэлтгэх сургалтанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга оролцоод байна. Энэ сарын 18-наас 24-ний хооронд аймгийн хэмжээний бүх сумдын шинээр сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчид болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарт сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Монголын Нутгийн Удирдлагын холбоотой хамтран ажиллах санамж бичигт тэргүүн С.Батболд, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар гарын үсэг зурж ирэх 4 жилд хийх ажлынхаа бодлого чиглэлийг тодорхойллоо. МНУХ-ноос эрхлэн гаргадаг “Нутгийн удирдлага” сэтгүүлийн захиалгыг нэмэгдүүлэх, холбооноос зарласан болзолт уралдаануудад идэвхитэй оролцох талаар аймгийн ИТХ-аас бодлого барьж ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын 100 хоногт аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Төлөөлөгчдийн цахим хаягаар мэдээлэл, тайлан, захидал хүргүүлж, Тэргүүлэгчдийн хурлын материалыг цахим болон цаасан хэлбэрээр тогтмол танилцуулж ажиллаж байна. 

Тайлангийн хугацаанд аймгийн ИТХ-д 118 албан бичиг ирснийг холбогдох албан тушаалтнуудад танилцуулан шийдвэрлэж, 87 албан бичиг явуулсан бөгөөд Хурлын 100 хоногт 109 өргөдөл ирснийг харъяаллын дагуу холбогдох албан тушаалтанд шилжүүлэх, шууд шийдвэрлэх зэргээр шийдвэрлэсэн тухай бүр мэдэгдэж ажиллаж байна.

ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН

 АЖЛЫН АЛБА

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ