ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЙМГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДЛАА


Аймгийн ИТХ-ын бүтцийн байгууллага болох ГХУСАСЗ-ийн ээлжит хурал өнөөдөр Тэргүүлэгчдийн танхимд боллоо. Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга, ГХУССЗ-ийн дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Мөнхболд, аймгийн ОБГ-ын дарга С.Өлзийхишиг, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү болон салбар зөвлөлийн бусад гишүүд оролцов.

Хурлын эхэнд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАСЗ-ийн дарга Г.Пүрэвганди ГХУССЗ-өөс салбарын байгууллагуудтай хамтран хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар болон зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүний талаар товч мэдээлэл өгсөн юм. Мөн аймгийн ГХУССЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Түмэнжаргал зөвлөлийн 2016 оны эхний 9 сарын тайлан мэдээллийг танилцуулж, төлөвлөгөөний биелэлт 56,3 хувьтай байгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь цаг хугацаа, улирлын онцлог, ард иргэдийн аж амьдрал ахуй зэргээс шалтгаалдаг тул оны эцэст бүрэн хэрэгжих боломжтой хэмээн онцоллоо.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээ бөгөөд аймгийн ИТХ, ГХУСАСЗ нь аймгийн Засаг даргын тамгын газар, Аймгийн шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын идэвхитэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөсөн арга хэмжээг чанартай зохион байгуулан ажиллаж байна. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ