ХОВД АЙМАГ "НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ"-ЭЭ БАТАЛЖЭЭ.

 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуралдсан Аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн нэг чухал асуудал бол “Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр” батлах явдал байлаа.  Тус хөтөлбөр нь 2016-2026 оны хооронд 2 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн зорилго нь “Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтайгаар ашиглах, дэвшилтэт цэвэр технологийг эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэл, нийгмийн амьдралд нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарлыг багасгасан, байгалийн тэнцвэрт харьцааг хадгалсан ногоон эдийн засгийг хөгжүүлэх замаар ногоон амьдралын хэв маягийг нийгмийн хүрээнд төлөвшүүлэх явдал” юм.
Энэхүү бодлогын баримт бичгийг батлах үндэслэл нь:
1.    Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас НОГООН ХӨГЖЛИЙН ЗАГВАР –аар хөгжих 5-н аймгийг нэрлэсэн бөгөөд үүний нэгээр манай аймаг сонгогдсон
2.    Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, төсөл хөтөлбөрүүдээс хөрөнгө оруулалт татах
3.    Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтайгаар ашиглах, дэвшилтэт цэвэр технологийг нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарлыг багасгасан “НОГООН ХӨГЖИЛ” –ийн загвар аймаг болсон байх
Тус бодлогын баримт бичиг нь стратегийн шинж чанар, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, хэрэгжих үе шат, биелэх боломжтой:
1.    Ногоон эдийн засгийг дэмжих урамшуулал, зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
2.    Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлэх
3.    Ногоон ажил эрхлэтийг дэмжих, үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулах
4.    Байгальд зохицсон ахуй, соёлын үнэт зүйлийг хадгалан хөгжүүлж,  зөв хандлага сэтгэлгээ бүхий ногоон амьдралын хэв маягтай иргэнийг хөгжүүлэх
5.    Тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгох замаар биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглалтыг бий болгож, орчны доройтлыг бууруулах зэрэг 5-н үндсэн зорилт, түүнд хүрэх 29 дэд зорилтуудыг тодорхойлон боловсруулсан байна.
Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөр нь байгаль орчин, хүнд ээлтэй үйлдвэрлэл, цэвэр технологийг нутагшуулах, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах байгальд ээлтэй чадвар, дадалтай нийгмийг цогцлоох, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилтыг тодорхойлсон бодлогын цогц баримт бичиг юм. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ