АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүнээр томилогдон ажилласнаас хойш орон нутагт хийх ажлын анхны айлчлалаа Ховд аймгаас эхлүүлж буй ноён Мануэл Микаллер тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд Ховд аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б. Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Номын сангийн дарга Т.Эрдэнэтуяа болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүд оролцов. Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Ховд аймагт ажлын айлчлал хийж байгаа АНУ-ын элчин сайдын яамны дэд тэргүүнд хандан АНУ-ын Элчин сайдын яамнаас Ховд аймгийн нийгэм, эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт хамтран ажилласаар ирсэнд талархал илэрхийлж Ховд аймгийн залуусыг АНУ-д боловсрол эзэмшүүлэх асуудалд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах хүсэлт тавьлаа.
Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх Ховд аймгийн эдийн засаг, нийгмийн
өнөөгийн байдал, гадаад харилцаа, цаашдын зорилго зорилтуудын талаар танилцуулга мэдээллийг хийж цаашид хамтран ажиллах нийгэм, эдийн засгийн салбаруудын талаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй санал солилцлоо.
АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүний айлчлалын бүрэлдэхүүнд ЭСЯ-ны батлан хамгаалах хэлтсийн ажилтан Дэвон Шэннон, Байгаль орчин, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн ажилтан Вонжин Вү, Эдийн засаг, худалдааны хэлтсийн мэргэжилтэн н.Алтанцэцэг, Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ж.Саруул нар багтан Ховд аймагт ажиллаж байна.
Аймгийн удирдлагууд манай аймагт ажиллаж буй АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллерийг Ховд аймгийн хүндэт тэмдэгээр шагнав. АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллер Ховд аймгийн хүндэт дэвтэрт сэтгэгдэлээ үлдээж, гарын үсгийг зурлаа.