Шинэ ургацын ногооноос хордлого,гэдэсний суулгалт өвчин гарч байна гэх яриа жилийн жилд л иргэдийн дунд уламжлал юм шиг яригддаг. Тэгсэн хирнээ мэргэжлийн байгууллагуудын хийсэн лабораторийн шинжилгээ ийм төрлийн жимс, хүнсний ногооноос ямар нэгэн өвчин үүсгэгч илэрлээ гэсэн дүгнэлт гардаггүй. Саяхан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь Хүнсний “Хан орд” зах дээр худалдаалагдаж байгаа шинэ ургацын жимс, хүнсний ногооны 11 нэр төрлийн 135 бүтээгдэхүүнээс дээж авч 8 үзүүлэлтээр шинжилгээнд оруулахад иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх ямар нэгэн химийн гаралтай бодис илрээгүй болох нь тогтоогджээ. Гэдэсний суулгалт, хордлогоор ихэвчлэн бага насны хүүхдүүд өвчилж байгаа ба Хүүхдийн тасагт 2016 оны 08-р сарын 19 ний байдлаар 30 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 0-2 насны 16 хүүхэд “Гэдэсний суулгалт” гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. БОЭТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн 103-т өдөрт дунджаар 30 орчим дуудлага ирж байгаагийн 20 хувь нь хордлогын дуудлага байгаа ч үүнийг хэвийн үзэгдэл гэж үзэж байна. Гэдэсний суулгалт, хордлого зэрэг нь дан ганц шинэ ургацын ногооноос шалтгаалж байгаа биш иргэд худалдан авч буй жимс жимсгэнээ угааж цэвэрлэхгүйгээр шууд хэрэглэх, бусад хоол хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдал, хадгалалт хамгаалалт, хэрэглээндээ хайнга хандсантай холбоотой хэмээн мэргэжлийн байгууллагаас тайлбарлаж байна.