
Сүүлийн өдрүүдэд халаалт доголдож иргэд тав тухгүй нөхцөлд ажиллаж амьдарч байгаа гомдол тасрахгүй байна. Тулгамдаж буй асуудалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяраар ахлуулсан холбогдох албаны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг өнөөдөр
/2026.01.22/ Ховд дулааны станцаар орж нөхцөл байдалтай танилцлаа.

"Ховд дулааны станц" ТӨХК-ийн захирал Д.Энхсайхан:Сүүлийн өдрүүдэд цахилгааны хязгаарлалтаас гадна гинжин конвейр болон зууханд гарсан гэмтлийн улмаас халаалт доголдсон. Өнөөдрөөс жигдэрч хэвийн горимд орж байна.
Хэрэглэгчийн ачаалал их байгаа ч өөрсдийн нөөц боломжоо ашиглан одоогоор 4 зуух ажиллуулж хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж байна. Халаалт доголдсон хугацааны төлбөрийн хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлэхээр шийдвэрлэсэн гэж танилцуулав.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр:
Ховд дулааны станц нь одоогоор 20-25 хоногийн нүүрсний нөөцтэй. Төсөвт 34 байгууллага, 130 гаруй аж ахуйн нэгж, 3500 айл өрхийг дулааны эрчим хүчээр хангаж байна.

Аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр:
-Хэрэглэгчдээс ирсэн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллах,
-Халаалт дулаан хангалтгүй байгаа айл өрх, албан байгууллагад хэмжилт хийж хамтран ажиллах чиглэлийг өглөө.

Мөн БОЭТ-өөр орж нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Өмнөх өдрүүдийг бодоход халаалт харьцангуй нэмэгдсэн гэнэ. Гэсэн ч тасаг, өрөө тасалгааны халаалт муу учраас нэмэлт халаагуур ашиглаж байна.
