
Хүннү Эйр компани БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны ӨРӨМЧ хотыг ХОВД хоттой холбох шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.
Үүнтэй холбогдуулан тус компанийн захирал П.Мөнхжаргал Ховд аймагт ажиллаж байна.
Өнөөдөр /2025.10.06/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа тус компанийн захирал П.Мөнхжаргал захирал болон орон нутгийн төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хүннү эйр компани нь энэ оны 11 дүгээр сарын 05-аас эхлэн долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагт дээрх чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөөд байна.
Аймгийн Засаг дарга МАмарсанаа:
-Орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих,
-Монгол орон, баруун бүсийн аймгуудыг зорих гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх,
-Монгол иргэдэд аялах чиглэлүүдийг илүү олон болгох зорилготой. Тиймээс:
-Эрэлт хэрэгцээ, зах зээлээ сайтар судалж хамгийн гол нь тогтмол байх нь чухал байна.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэг түлхэц болох учраас ямар боломж байна, дүрэм журмын дагуу дэмжиж хамтран ажиллана гэдгийг хэлсэн үгэндээ онцолжээ.

Мөн чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулсан
“АЖЛЫН ХЭСЭГ” гаргаж бэлтгэл хангахаар болсон байна.
Одоо МИАТ ХХК долоо хоногийн Мягмар, Баасан, Ням гарагт Ховд аймаг руу нислэг үйлдэж байна. Хүннү Эйр компани дээрх ажлыг эхлүүлснээр 7 хоногийн 6 өдөр нь нислэгтэй болох юм.
