Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хамтран “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ. Дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх уг төсөл хөтөлбөрийг 17 аймгийн 52 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Нэгдүгээр үе шат нь л гэхэд 2029 онд дуусах юм. Хөтөлбөрт Ховд аймгаас Булган, Манхан, Дарви, Жаргалант гэсэн дөрвөн сум багтжээ.
Зорилтот сумдад Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих инженерийн дэд бүтэц, тээвэр логистикийн төв байгуулах, ногоон санхүүжилтийг дэмжих ажлууд багтсан бий. Төслийн баг, холбогдох яамны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа. Өчигдөр /2024.11.07/ аймаг, орон нутгийн удирдлагуудтай уулзаж төслийн талаар товч мэдээлэл өгч 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Ирэх онд зөвхөн Жаргалант суманд л гэхэд:
-Бохирын шугам шинэчлэх, -Шинэ суурьшлын бүсэд 6.5 км авто зам тавих,
-110КвТ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам барих,
-Үерийн хамгаалалтын байгууламжийг шинэчлэх,
-1500 хүний суудалтай “Спорт заал” барих ажлыг эхлүүлэхээр зураг төслийг нь хийсэн байна. Мөн Булган суманд “Мал эмнэлгийн хорио цээрийн бүс” байгуулахаар төлөвлөжээ.
Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр:
-Жилээс жилд хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр авто замын ачаалал нэмэгдэж байгаа. Тиймээс “ГУДАМЖ” төсөл хэрэгжүүлэх, -Хотын төвлөрсөн хогийн цэг аймгийн зах руу ойртсон. Эрүүл орчин бүрдүүлэхийн тулд “ХОГИЙН ЦЭГ”—ийг шинэчлэх,
-Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал нэмэгдсэн. Өсөн нэмэгдэх хэрэгцээг гурав дахин нэмэгдүүлж хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд анхаарч хамтран ажиллахыг хүслээ.
Төслийн баг, холбогдох яамны төлөөллийн энэ удаагийн томилолт нь орон нутгийн удирдлагуудын саналыг сонсох, хийж хэрэгжүүлэх ажилдаа тусгах, ТЭЗҮ-ийг шинэчлэхэд чиглэж байгааг онцолж байв.