Аймгийн Засаг дарга Э.Болормаагийн санаачилгаар Халамжаас Хөдөлмөрт зорилтын хүрээнд 2022 оноос эхлэн улирал бүр
“Ховд Ажлын Байр” хөдөлмөрийн өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах болсон.
2024 он гарсаар эхний өдөрлөгийг энэ сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар болон төрийн байгууллагын 53 ажил олгогч 477 ажлын байрыг нээлттэй зарлаж, 300 гаруй иргэн оролцон зөвлөгөө мэдээлэл авлаа. Үүний үр дүнд урьдчилсан байдлаар 46 иргэн ажилд зуучлагдсан байна.
Энэ удаагийн Хөдөлмөрийн өдөрлөг арга хэмжээ нь цагийн ажил хийх оюутан залуусыг бүртгэж, цагийн ажлын байр бий болгоход ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэнээрээ онцлог болов.
Мөн үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтийн дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргасан хувиараа хөдөлмөр эрхлэгч 30 гаруй иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, 2.2 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжих, ажил олгогч, ажилгүй иргэдийг холбох зорилготой энэхүү хөдөлмөрийн өдөрлөгийг өмнө нь таван удаа зохион байгуулахад 3500 гаруй иргэн хамрагдаж, 1115 нээлттэй ажлын байр зарлаж, 340 гаруй иргэнийг ажлын байранд зуучилсан байна. Ажлын байранд зуучлуулсан иргэдийн 70 орчим хувь нь тогтвор суурьшилтай ажиллаж байгаа талаар албаныхан онцоллоо.
Ховд аймагт 15 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны 62 мянга гаруй хүн бий. Үүнээс 43 мянга нь ажиллах хүч, 19 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам юм.