Монгол улсад биеийн тамир спортын салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Ховд Аймгийн Залуучуудын Холбооноос санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газартай хамтран
"ЭВ НЭГДЭЛ СПОРТООР МАНЛАЙЛЪЯ" нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх аян эхлүүлж байна.
Аймгийн Засаг дарга Энхбатын Болормаагийн ивээл дор зохион байгуулж буй энэхүү аяны нээлт өнөөдөр /2024.03.21/ аймгийн төв талбайд боллоо. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд, холбогдох байгууллагын төлөөллүүд оролцов.
Засаг дарга Э.Болормаа:Энэ онд нийтийн биеийн тамирын 80 гаруй арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь "ЭВ НЭГДЭЛ СПОРТООР МАНЛАЙЛЪЯ" аян юм. Аяны хүрээнд 55-60 мянган иргэнийг хамруулна гэж бид тооцож байна. Спорт гэдэг хүний тэсвэр тэвчээрийн оргил, хүмүүжил боловсрол, ёс суртахуун, хүнлэг энэрэнгүй байдал, ухаарлыг өгч байдаг хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг билээ. Иймээс олон угсаатан Ховдчууд та бүхнийг "ЭВ НЭГДЭЛ СПОРТООР МАНЛАЙЛЪЯ" нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх аянд нэгдэхийг уриалж байна гэв.
Уг аяныг хэрэгжүүлснээр:
Ховд аймгийн хэмжээний 44 спорт заал Баасан гариг бүрийн 18.00-21.00 цагт ард иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болж байгаа юм. Энэхүү аян нь:
Жаргалант сум, хөдөөгийн 16 сумдад 2024.03.21-2024.12.15 хүртэл хугацаанд үргэлжилнэ.
Энэ хугацаанд иргэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, эрүүл спортлог амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, спиртлэг биш спортлог Баасан гарагийг өнгөрөөх дадал хэвшлийг суулгаж, хойч үедээ манлайлан үлгэр дуурайлал үзүүлэхийг зорьжээ.