Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн 99 жилийн ой өнөөдөр /2023.11.26 /тохиож байна. Энэхүү баярыг тохиолдуулан Галданбошигт хаан, Ард- Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын орлогч Х.Батболд нарын аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагуудын дарга нар, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцов.
Тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хэмжээт засагт Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халж, улс төрийн шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, туурга тусгаар Монгол Улсыг дэлхий дахинд зарласныг бататгаж Монгол түмэн жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр хэмээн бахархан тэмдэглэдэг болсон түүхтэй.