Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан Улсуудын Алтайн уулсыг дамжсан бүс нутгийн муж, аймаг, бүгд найрамдах улсуудын хамтарсан санаачилгаар 2003 онд
“Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийг байгуулсан.
20 жилийн түүхтэй тус зөвлөл нь энэ сарын 11-ний өдөр ээлжит 17 дугаар хуралдаанаа Баян-Өлгий аймагт зохион байгуулав.
Хуралдаанд БНХАУ-ын ШУӨЗО, ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улс, Тува Улс, Алтайн хязгаар, Казахстан Улсын Дорнод Казахстан муж, Монгол Улсын Баян-Өлгий, Ховд, Увс аймаг зэрэг дөрвөн улсын найман муж, өөртөө засах орон, бүгд найрамдах улсын удирдлагууд болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Хуралдааныг Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нээж үг хэлэв. Үүний дараагаар “Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Борис Владимирович Ларин зохицуулах зөвлөлийн 2022-2023 оны ажлын үр дүнг танилцууллаа.
Дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын дараа дахин танхимаар хуралдаж цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцож, төлөвлөх боломж бүрдсэнд оролцогчид талархалтай байв.
“Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаанд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа оролцож үг хэллээ. Тэрбээр,
"Зам дагаж хөгжил” гэдэг.
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ыг холбосон олон улсын босоо тэнхлэгийн авто зам нь баруун бүсийн тулгаар төв болсон Ховд аймгийн нутгаар дайран өнгөрч байгаа. Энэ давуу тал болон газарзүйн байрлалаас хамааран Ховд аймгийн нутаг дэвсгэрт Ази Европыг холбосон тээвэр логистикийн төв байгуулах бүрэн боломжтой байна. 20 жилийн түүхтэй “Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн хамтын ажиллагаа илүү дэвшин дээшилж, түүхийн хуудас улам бүр зузаарна гэдэгт итгэл төгс байна" хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
Энэ үеэр оролцогчид хөрш зэргэлдээ бүс нутгуудын цаашдын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, боловсрол, хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, нийгэм, соёлын харилцааны талаар санал солилцон Ховд аймаг болон Баян-Өлгий аймгийн удирдлагууд хамтын ажиллагааны
"Санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.
Мөн ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Монгол Улсын Увс аймгийг
"Алтай бидний нийтийн гэр" олон улсын зохицуулах зөвлөлд гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэв.
“Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн ээлжит 17 дугаар хуралдаанаас дараагийн ээлжит хуралдааныг 2025 онд ОХУ-ын Алтайн хязгаарт зохион байгуулахаар боллоо.