Гэрлэлтийн батлах гардуулах зорилго бүхий
“Хаан сүйх, хатан бугуйвч” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2023.08.08/ Ховд аймагт боллоо. Тус үйл ажиллагаанд зургаан гэр бүл оролцож, гэр бүлийн гишүүдийн харилцан хүндлэл, тэгш эрх, үүрэг, эх хүүхдийн халамж, хамгааллын үнэт зүйлсэд суурилсан уламжлалт ёсыг хадгалах гэрлэлтийн гэрээ байгуулав.
Эдгээр нь хосын хувьд гэр бүлээ тогтвортой авч явах нэг ёсны хариуцлагын санамж бичиг болдог.
Албан ёсоор амьдралаа эхлүүлсэн ч гэрлэлтээ хараахан баталгаажуулаагүй байгаа хосуудад гэрлэлтийн батлах, гэрээг нь хүндэтгэлтэйгээр гардуулж байх үүднээс Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд "Гэрлэх ёслолын танхим"-ыг байгуулан тохижуулсан.
Уг танхимд 2019 оноос хойш 100 орчим хос гэрлэлтийн гэрээ байгуулж, хамтын амьдралаа баталгаажуулжээ.
“Хаан сүйх, хатан бугуйвч” ёслолын үйл ажиллагаа нь гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх, гэр бүлийн тогтвортой байдал, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж албаныхан онцоллоо.
Бэлтгэсэн:Н.Лхагва