Дуут сумын Цагаанбургас багийн нутагт байрлах
“НЭВТ” рашаан сувилал, амралтын газар нь 1974 онд ашиглалтад орсон.
Гурван өрөө бүхий нэг байртай, нэг удаадаа 15 хүн хүлээн авах багтаамжтай. Хүндэтгэлийн шавар гэр, соёл, урлагийн үйл ажиллагаа явуулах нэг заалтай, гэрэл цахилгаан ашиглах боломжтой.
Гэвч өнгөрсөн онд /2022 он/ цахилгааны хэлбэлзлээс шалтгаалан тодорхой хөрөнгө нь шатаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Тэгвэл Орон нутгийн өв соёлыг түгээх, рашаан, амралт сувиллын үйл ажиллагааг сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй зарлан явууллаа.
Үүний дагуу
“Жимэкс агро” ХХК-иас 1 850 000 000 /нэг тэрбум найман зуун тавин сая/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийх дээрх рашаан сувилал, амралтын газрын үйл ажиллагааг сэргээхээр санал ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, тухайн сонгон шалгаруулалтад тус компани шалгарч түрээсийн гэрээ байгуулахаар талууд бэлтгэл хангаж байна.
Аймгийн Засаг дарга Э.Болормаа болон холбогдох агентлагийн албан хаагчид тус компанийн захирал Ж.Ганхуягтай газар дээр нь ажиллаж хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, цаашдын зорилтын талаар санал солилцов.
“НЭВТ”-ийн рашаан нь байгалийн үзэсгэлэнт газар, нутагтай, элэг цөс, ходоод зэрэг 17 нэр төрлийн рашаан, усны ундаргатай юм.