Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим шилжилтийн бодлого, зорилттой уялдуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн зорилтын хүрээнд төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттай нэвтрүүлж байна.
Энэ хүрээнд Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс
“Төрийн сангийн төлбөр тооцооны цахим системийн хэрэглэгчийн эрхийн тохиргоо, нэхэмжлэх, зарлага, амлалт үүрэг, тайлан модулийг ашиглах нь” сургалтыг зохион байгуулав.
Тус сургалтын зорилго аймгийн бүх шатны төсвийн байгууллагын дарга, нягтлан бодогч, сумдын санхүүгийн албаны дарга, төсөв төрийн сангийн мэргэжилтэн нарт төрийн сангийн төлбөр тооцооны цахим системийн талаарх мэдлэг олгож, цахимаар төлбөр тооцоо гүйцэтгэх ур чадварыг эзэмшүүлэх юм.
Цахим систем нэвтэрснээр төсвийн хэрэгжилтийг цахимаар зохион байгуулж, төрийн сангийн ажилтны ажлын бүтээмж нэмэгдэх, ажлын ачаалал буурах, төсвийн байгууллагын санхүүгийн ажилтан гүйлгээ хийлгэх гэж төрийн сан руу зорчих цаг, зардлыг хэмнэх боломжтой болно.
Мөн татварын удирдлагын нэгдсэн системийн нэхэмжлэлийг төрийн сангийн төлбөр тооцоонд нэвтрүүлснээр аж ахуйн нэгж, байгууллагын татварын тайлагнал сайжрах, системд суурилсан цахим хяналтыг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.