Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа, зэвсэгт хүчний түүхэн замналыг сурталчлах, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, зөв хандлагыг төлөвшүүлэх, Ховд аймгаас төрөн гарсан Монгол Улсын баатарууд, генералуудыг алдаршуулах, тэдний үйл хэргийг залуу хойш үеийнхэнд сурталчлан таниулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб-аас “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” уриа бүхий дайчин алдрын “Соёмбо” танхимыг Ховд аймгийн 26 сургуулийг түшиглэн байгуулахаар төлөвлөжээ.
Уг ажлыг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежээс эхэлж, цэрэг, эх оронч хүмүүжил олгоход чиглэсэн дайчин алдрын “Соёмбо” танхимын нээлт хийлээ.
Энэхүү анги танхим нь өсвөр үеийнхэнд өвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцах боломж олгоно. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзлийг төлөвшүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг цаашид зохион байгуулах аж.
Тус танхимын нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Б.Ганхуяг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж, Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирал доктор Д.Баярмаа, Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр нар болон Цэргийн штабын офицерууд, сургуулийн багш сурагчид оролцлоо.