Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар
“Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж эхэлсэн түүхтэй.
2016 оноос эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран тасралтгүй зохион байгуулсаар энэ жил 20 дахь жилдээ хийж байна.
Энэ онд Ховд аймгийн хэмжээнд 1451 хүүхэд 16 нас хүрч байгаа. Тэдний төлөөлөл болсон 200 хүүхэд өнөөдөр /2022.11.26/ Монгол улсын иргэний андгай өргөн, Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авлаа.
Тэд:
Эртний Их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын Иргэн би
-Монгол Төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж
-Монгол Улсынхаа Тусгаар Тогтнолыг батлан хамгаалж
-Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн
-Бүрэн Эрхт Ард түмнийхээ итгэлийг даан
-Их Түүх, Эрх чөлөөний эзэн нь байж
-Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж
-Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж
-Энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж
-Их засаг, хууль ёсыг чандлан сахиж
-Үнэнч шударга
-Цэвэр ариун
-Оюун төгс
-Хөдөлмөрч хичээнгүй
Иргэн байхаа
Их төрийнхөө дор андгайлж байна гэлээ.