Засаг дарга Э.Болормаа сумдын иргэдтэй хийх уулзалтаа эхлүүллээ



Аймгийн Засаг дарга Э.Болормаа сумдын иргэдтэй хийх уулзалтаа  энэ сарын еснөөс Дарви сумаас эхлүүллээ. 

Уулзалтаар:Аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, иргэдийн санал бодлыг сонсох зорилготой. Мөн аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болоод цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцуулж байна.



Дарви сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр тус сумынхан орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын асуудлыг сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжих, төрийн байгууллагын ажиллах боловсон хүчнийг чадавхжуулах, сул орон тоог нөхөх, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх шаардлагатай байгааг хэлжээ.

Мөн сумын төвийг нэгдсэн цэвэр, бохир дулааны шугам сүлжээнд холбох, хөдөөгийн багуудын бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, үйлдвэр, хоршоог хөгжүүлж, малын түүхийн эдийг боловсруулах, голын услалтын системийг сэргээн засварлах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд анхаарах, эмнэлэг, сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах зэрэг асуудалд анхаарч ажиллахыг чухалчилсан байна.



Аймгийн Засаг дарга Э.Болормаа хуваарийн дагуу өнөөдөр /2022.11.10/ Цэцэг суманд харин маргааш /2022.11.11/ Зэрэг суманд ажиллана. 

Сумдын иргэдтэй уулзах үеэрээ цаашид анхаарч, хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал авч, эрэмбэлэн ажиллахаар төлөвлөжээ. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ