Аймгийн Засаг дарга Э.Болормаа өнөөдөр /2022.11.07/ сумдын Засаг дарга нартай уулзлаа.
Тэрээр энэ ажилд томилогдсоноос хойш долоо хоног бүрийн Даваа гарагт цахимаар хуралдаж цаг үеийн ажил, анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцон тодорхой үүрэг чиглэл өгч ажилладаг байсан. Тэгвэл энэ удаагийн уулзалт нь нүүр тулсан анхны уулзалт гэдгээрээ онцлог боллоо.
Энэ үеэр Засаг дарга Э.Болормаа: Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бүх сумдын Засаг дарга нартай нам харгалзахгүйгээр хамтарч ажиллахаа илэрхийлэв. Ингэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулж ажиллахыг чухалчилна.
Мөн иргэдийн хамгийн их шүүмжлэл дагуулж буй газар олголтын асуудлыг цэгцлэх, шударга ёсыг тогтоох, төрийн бүтээмжийг сайжруулах, аймаг, сум, багийн түвшинд иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад анхаарна гэлээ.
Түүнчлэн үнийн өсөлт, тээвэр шатахууны зардал, ажиллах боловсон хүчний хомсдол зэрэг орон нутагт тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх ямар гарц боломж байгаа талаар ярилцлаа.
Өвөл, хавартаа цаг хүндрэх эрсдэлтэй. Тиймээс эн тэргүүнд бэлтгэлээ сайтар хангах, малчдаа эргэж тойрох, мэдээлэл хүргэж ойр ажиллах, хүндхэн цаг үеийг хохирол багатай даван туулахад анхаарч ажиллахыг санууллаа.
Энэ удаагийн уулзалтад Эрүүл мэндийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар зэрэг чиг үүргийн байгууллагын дарга нар оролцож сумдын Засаг дарга нартай мэдээлэл солилцов.