Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Жаргалан сумын ЗДТГ-тай хамтран Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагууд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор
“Хүүхэд эрхэм хэрэглэгч” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЕБС, цэцэрлэгүүдэд үдийн хоол, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг аж ахуй нэгж, компаниуд, хүүхэд хөгжлийн сургалтын төвүүд, өдөр өнжүүлэх төв, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид, хүнс барааны дэлгүүр, зах томоохон худалдааны төвийн бизнес эрхлэгчид хамрагдав.
Тус сургалтанд Аймгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Б.Гантулга, МХГ-ын улсын байцаагч О.Дарьжав, Т.Отгонжаргал, Хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн нар оролцож мэдээлэл, зөвлөгөө өгч үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонссон юм.
Оролцогчдын зүгээс бага насны хүүхдийг эцэг эхчүүд нь архи тамхинд гүйлгэдэг, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэхийг харгалзахгүйгээр дуртай зүйлийг нь авч өгч буруу жишигт сургадаг, хүүхдүүд эцэг эхийн хараа хяналт сул байдлаас хулгай хийдэг, нэгнийхээ нөлөөнд автдаг, бүтээгдэхүүний чанар муу, хаяг шошго, хэзээ үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүнүүд ирдэг зэрэг асуудлууд гардаг зэргийг илэрхийлж байлаа.
Иймээс дээрх асуудлыг засаж залруулах, урьдчилан сэргийлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах үүднээс оролцогч байгууллагууд аймгийн ГБХЗХГ-тай хариуцлагын гэрээ байгуулсан юм.
Энэ үеэр сургуулийн үдийн цай, хоол нийлүүлдэг аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүний дээж, хүүхдэд хориглосон бүтээгдэхүүний сэрэмжлүүлэг сурталчилгаа, Жаргалант сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн сурагчид болон ХБХЭЭХ-ны гишүүн хүүхдүүдийн бүтээл, Хүүхдийн ордны зургийн дугуйлангийн сурагчдын шилдэг бүтээлүүдээр
“Хүүхэд эрхэм хэрэглэгч” үзэсгэлэнг зохион байгуулж иргэд, олон нийтэд танилцууллаа.