Ховд аймгийн 8000 гаруй малчин өрхөөс 10 сумын 11 малчин мал маллах арга туршлага, амжилт ололтоо аймагтаа дахин үнэлүүлж
"ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” цол хүртсэн. Тэдний нэг нь Зэрэг сумын Гүвээ багийн малчин Норовын Алтанхуягийн гэр бүл юм. Эднийх 2005 онд
"Аймгийн аварга малчин" болж байжээ. Тэгвэл 17 жилийн дараа амжилтаа ахиулж ийнхүү
"ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” болж байна. Аймгийн хошой аварга малчин Н.Алтанхуяг, А.Отгонсүрэн нарын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Н.Ганзориг нар хүндэтгэн гардуулж баяр хүргэлээ. Мөн сум орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулав.
Өвөг дээдсийнхээ малч удмыг үргэлжлүүлж эрдэнэт мал сүргийнхээ буян хишиг, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэндээ баяртай байна.
32 жил мал маллаж байгаа малчин Н.Алтанхуяг, А.Отгонсүрэн нар мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж 1600 гаруй толгойд хүргэжээ. Энэ хавар бог, бод нийлсэн 500 гаруй эх мал төллөнө. Одоогоор 50 гаруй хувь нь төллөж төлөө бүрэн бойжуулж байна.
Зэрэг, Манхан, Чандмань гээд гурван сумын нутаг, бэлчээрийн уулзвар болох
“Цэхээ” гэх газар хаваржиж байгаа
"АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” Н.Алтанхуягийн хотонд төлийн дуу цангинаж хаврын их ажил ундарсаар байна.
ВИДЕО: