Малчин М.Ганзориг: Уулын бүс нутагт тэмээ өсгөх боломж байгаа



Мал маллах арга туршлага, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ аймаг, улсдаа үнэлүүлж буй малчид мал сүргээ таван төрөл дээр нь өсгөсөн байдаг. Харин уулын бүсийн сумдад багтах Мөст, Мөнххайрхан, Дуут зэрэг хэд хэдэн сумдын зарим малчид байгаль, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тэмээн сүргийг төдийлөн өсгөдөггүй. Тэгвэл Мөст сумын Хужирт багийн малчин М.Ганзориг уулын бүс нутагт тэмээ өсгөх боломж байгааг харуулж явна.



Эднийх бог бод нийлсэн 1000 гаруй толгой малтай. Мөн 20-иод тэмээтэй. Сумаас сум дамжин уул нуруу даван отроор голдуу нутаглаж мал сүргээ адгуулдаг энэ малчных тогтмол тэмээгээр нүүдэллэдэг байна. Өөрөөр хэлбэл, уламжлалт нэгэн өв соёлоо тээж яваа малчдын нэгээ. Тэд 20-иод жилийн хөдөлмөрөө үнэлүүлж ийнхүү “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” цол хүртлээ.



Аварга малчин гэр бүлийн шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг гэрт нь очиж гардуулан баяр хүргэлээ. Мөн сум орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардууллаа.



Малчин М.Ганзориг, Р.Алтанзаяа нар Мөст сумын залуу малчдын төлөөлөл. Өндөр уулын бүс нутагт байгаль цаг агаар тогтворгүй, хэцүүхэн хавар болж байгаа ч 200 гаруй төл хүлээн авч мал сүргээ өсгөжээ. Эднийх сумын төвөөсөө 160 гаруй км-ийн зайд “Өвөр булгийн худгийн салаа” гэх газар хаваржиж байна.



ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ