Улсын хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс хоёрдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсан “Сар шинэ-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Ховд аймаг дахь Цагдаагийн газраас сумдад хяналт шалгалтаар ажиллажээ. Тус ажлын талаар Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Бямбасүрэнгээс тодрууллаа.
-”Сар шинэ-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд сумдад хяналт шалгалтаар ямар ажил хийсэн бэ?
-Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын даргаар батлуулсан төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрийн сумдад хяналт шалгалт хийх, хэсгийн мөрдөгч, цагдаа нарын ажил амьдралтай танилцаж туслан зааварчлах, сумын удирдлагуудтай уулзаж шаардлагатай асуудлыг уламжилж шийдвэрлүүлэх, сумын удирдлага, иргэдээс хэсгийн мөрдөгч, цагдаа нарын үйл ажиллагааны талаар санал хүсэлтийг нь авах чиглэлээр ажилласан. Ховд аймгийн хэмжээнд дөрвөн чиглэлд тасгийн даргаар ахлуулан мөрдөгч, эргүүлийн цагдаа, замын цагдаагийн зохицуулагч гэсэн бүрэлдэхүүнтэй хуваарийн дагуу ажиллалаа.
-Хяналт шалгалтын хүрээнд ихэвчлэн ямар төрлийн хэрэг, зөрчил илэрсэн бэ?
-Сумдад архи согтууруулах ундааны зүйлээр худалдаа үйлчилгээ явуулдаг 124 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 5 аж ахуйн нэгжийн зөрчлийг илрүүлэн, цагдаагийн газрын гомдол мэдээллийн бүртгэлд оруулж, холбогдох алба хаагчдаар шалгуулсан.
Мөн замын хяналт шалгалтаар 187 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 59 жолоочид 5.080.000 төгрөгийн бэлэн бусын торгууль оногдуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 8, жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон 9 зөрчлийг тус тус илрүүлж, цагдаагийн газрын гомдол мэдээлэлд оруулан шалгав.
Хяналт шалгалтаар ажиллахад тамхи худалдаалах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр тамхи худалдан борлуулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй иргэд тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.
Иргэд, жолооч, зорчигч нарт хамгаалах бүс зүүж хэвших, хурдаа тохируулж явах, баталгаат замаар явах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар анхааруулга яриа хийсэн.
-Шалгалтын үр дүнгийн талаар?
-Ажлын хэсгийн ахлагчаас ажилласан сумдын удирдлагуудтай уулзаж хэсгийн алба хаагчид хэрхэн ажиллаж байгаа талаар болон харилцаа хандлага, цаашид ажиллахад анхаарч үзэх асуудлуудын талаар уулзаж хэсгийн мөрдөгчид компьютер, техник хэрэгслээр хангах, кабон байрны засварын ажлын зардал, хэсгийн байрыг төвлөрсөн халаалт, дулаанд холбох зэрэг асуудлыг шийдвэрлүүлсэн.
-Иргэд, олон нийтэд хандаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж өгнө үү?
-Гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохгүй байх нь хувь хүнээс өөрөөс нь ихээхэн шалтгаалдаг. Энэ нь тухайн иргэдийн хариуцлага, бид бүхнээс хамаарах зүйл. Жишээ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хэтрүүлэн хэрэглэхгүй байх, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж явах, хол ойр явахдаа гэрээ цоожлох, өөрийн эд зүйлээ хамгаалах шаардлагатай арга хэмжээнүүдийг авах гэх мэт сонор сэрэмжээ дээшлүүлснээр ямар нэгэн гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохгүй байх боломжтой юм.
Эх сурвалж: Ховд /МОНЦАМЭ/