Ховд аймагт Өрхийн эрүүл мэндийн зургаан төв бий. Нийт 60 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй эдгээр төвийн тав нь Жаргалант суманд, нэг нь Булган суманд ажиллаж 50 000 орчим хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Ялангуяа
"Ковид-19" цар тахлын халдварын үед хамгийн их ачаалалтай ажилласан хүмүүсийн нэг бол Өрхийн эмнэлгийнхэн. Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд л гэхэд энэ оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар халдвар авсан 10200 гаруй иргэнийг эмчилж, давхардсан тоогоор 45600 хүнд вакцин хийж ажиллажээ.
Энэ үед өөрсдийн унаагаар зарим үед алхаж айл өрхөд хүрч байсан нь цаг хугацаа алдах, гомдол чирэгдэл гарах гээд олон асуудал тулгамдаж байсан. Түүнийг шийдвэрлэх үүднээс аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Онцгой комиссын гишүүдтэйгээ ярилцан
"УНААЖУУЛАХ" асуудлыг санаачилсан нь ийнхүү биелэлээ оллоо.
УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг иж бүрэн тоноглосон, эмнэлгийн зориулалтын автомашинаар хангах санаачлагыг дэмжиж төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэж хамтран ажилласан байна.
Өнөөдөр /2021.12.19/ Жаргалан, Буянт, Рашаант Өрхийн эрүүл мэндийн төв, Булган сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн машиныг хүлээлгэн өгөв. Удахгүй үлдсэн хоёр машиныг хүлээлгэн өгөх юм. Ингэснээр Өрхийн эмнэлгийн эмч ажилчдын ажлын нөхцөл байдал сайжирч, иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү шуурхай болох юм.