Монгол улсад Үндэсний худалдаа, хоршоо үүсэж хөгжсөний 100 жилийн ойг, Ховд аймагт Хоршоо, худалдааны байгууллага үүсэж хөгжсөний 96 жилийн ойн баярын хурал өнөөдөр /2021.12.18/ боллоо. Арга хэмжээнд УИХ-ын гишүүнд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар оролцож, аймгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Худалдааны салбарын хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Ховд аймагт Худалдааны салбарт 2500 гаруй ААН, 200 гаруй хоршоо үйл ажиллагаа явуулж, 7000 гаруй хүн ажиллаж байна. Энэ салбараас Худалдааны түүхт 100 жилийн босгон дээр Монгол улсын гавьяат 11, Сүхбаатарын одонт 2, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг төрийн дээд шагналыг тус салбарын 100 гаруй иргэд шагнуулсан амжилтаар ойгоо угтаж байна.
Өнөөдрийн баярын хурлаар салбартаа манлайлан ажиллаж байсан ахмад үеийнхэн болон одоо ажиллаж байгаа нэр бүхий иргэдэд Төрийн дээд шагнал “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, ХХААХҮ яамны шагнал болох “Худалдаа үйлчилгээний тэргүүн, “Хүнсний үйлдвэрийн тэргүүн”, Жуух бичиг” болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж, урамшуулав.
Ховд аймагт Худалдааны байгууллага нь 1924-1960 онд хоршооны хэлбэрээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Худалдаа бэлтгэлийн трест, Бөөний бараа, бааз гэсэн салбарууд үйл ажиллагаагаа явуулж, аймгийн иргэд хөдөлмөрчдийг өргөн хэрэглээний бараагаар ханган, ажиллаж байсан түүхтэй.