2021 оны 10 дугаар сарын 12-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 13-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 247 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 82 эерэг, 118 сорьцод PCR шинжилгээ хийхэд 39 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 121-ээр нэмэгдэж нийт 16922 боллоо.
Тодруулбал, Алтай сумаас 5, Булган сумаас 11, Буянт сумаас 1, Дарви сумаас 9, Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 1, Манхан сумаас 10, Мөст сумаас 1, Үенч сумаас 4, Чандмань сумаас 1, Ховд сумаас 1, Эрдэнэбүрэн сумаас 4 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 69 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.13/ байдлаар нийт 365 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 148 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 32 нь “Ач заяа” эмнэлэгт, 185 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 29 нь 0-18 насны хүүхэд, 3 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 12, хүнд-78, хүндэвтэр-126, хөнгөн-5 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 165, сумдад 426 нийт /591/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 131 хүн эдгэрч гарсан байна. Харин Жаргалант сумын иргэн Н, 68 настай, эмэгтэй, Коронавирусаар үүсгэгдсэн халдварт өвчин, нэн хүнд хэлбэр /архаг, хууч өвчний хавсарсан эмгэгтэй/-ийн оношоор БОЭТ-ийн “Тусгаарлах эмнэлэг”-ийн "Эрчимт эмчилгээний тасаг"-т эмчлүүлж байгаад 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нас барсаныг ЭМЯ-аас "Ковидын шалтгаант нас баралт" гэж бүртгэжээ. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Нас баралт 1-ээр нэмэгдэж нийт 23 боллоо.
Сүүлийн 24 цагт нийт 99 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 2 нь 1 дүгээр тун, 12 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56086 хүн буюу 88,3 хувь нь 1 дүгээр тунд, 52491 хүн буюу 82,6 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 85 хүн хамрагдаж нийт 5958 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"