Ховд аймагт дизель түлшний үнэ 200 төгрөгөөр хямдрах нээ



Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайханыг Ховд аймагт ажиллах үеэр Засаг дарга Б.Дүгэржав хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Үүний нэг нь ОХУ-аас нийлүүлж буй шатахууныг Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоос шууд Ховд аймаг руу тээвэрлэх, ингэснээр шатахууны үнийг Ховд аймаг тодорхой хэмжээгээр бууруулах боломж байгааг танилцуулсан юм. Тэгвэл энэ асуудал шийдэгдэж 09 дүгээр сарын 03-аас эхлэн дизель түлшний үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр хямдруулахаар болсон байна.



Тодруулбал, шатахуун импортлох, худалдан борлуулах “ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-тэй, Д.Басбиш захиралтай “ОЮУ МАНДАЛ” өнөөдөр /2021.09.01/ 2400 төгрөгөөр худалдаалж буй дизель түлшнийхээ үнийг Коронавируст цар тахлын халдвартай энэ хүнд цаг үед нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 200 хүртэлх төгрөгөөр бууруулж 2200 болгохоор ярилцан, шийдэлд хүрчээ.



Тус компани сард 200-500 тн шатахуун тээвэрлэн оруулж ирдэг байна.



Бусад компани, аж ахуйн нэгжид шатахууныхаа /дизель түлш/ үнийг “ОЮУ МАНДАЛ” ХХК-ийн адил дээрх хэмжээгээр бууруулж ажиллах үүргийг албан бичгээр өглөө гэж Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав өөрийн албан ёсны цахим хуудаснаа нийтэлжээ.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ