Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнс бүтээгдэхүүний худалдааны цэг, үйлдвэрийн газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 01/13, 01/248 дугаар удирдамжийн дагуу баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан. Улмаар хяналт шалгалтын явцад хадгалах хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй, шинжилгээнд хамрагдаж баталгаажуулалт хийлгээгүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж байсан зөрчил илэрчээ. Дээрх зөрчлийг арилгах зорилгоор нийт найман нэр төрлийн 295 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн хураан устгаж, иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн байна.
Иймээс иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгын мэдээллийг шалгаж байхыг зөвлөж байв. Хэрвээ иргэдийн худалдаж авсан бүтээгдэхүүнд хаяг шошгын зөрчил илэрвэл тус байгууллагын 7043-1286 утсаар холбогдож, мэдэгдэж байхыг уриаллаа. Цаашид энэ төрлийн хяналт шалгалтыг тусгай хуваарь, төлөвлөгөөний дагуу зохион байгуулна гэж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.