Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдлаа


Ховд аймагт Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тус зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх, гишүүдийн саналыг тусгах, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, харилцан санал солилцох зорилгоор “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2021 оны анхдугаар хурал”-ыг өнөөдөр \2021.01.07\ зохион байгууллаа. Хурлаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг албаныхан танилцуулж, санал авсан юм. Ингээд гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгах, зохион байгуулалт, чадавхыг бэхжүүлэх, сургалт сурталчилгаа, эрсдэлийн үнэлгээ хийх, санхүүжилт, хяналт шинжилгээ, судалгаа явуулах, коронавирусний халдварын тархалттай тэмцэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр зургаан бүлэг 30 гаруй заалт бүхий төлөвлөгөөг шинээр баталлаа. 



Тодруулбал, энэ онд Ховд аймгийн 17 суманд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийнэ. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтанд зориулан болзошгүй аюул ослоос сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, дадлага зохион байгуулж, өөрийгөө болон бусдыг аврах анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвар олгохоор төлөвлөсөн аж.
Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах талаар иргэд, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, “Өсвөрийн аврагч бүлэг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, сурагчдын дунд тэмцээн, дадлага сургуулилт зохион байгуулах, өвөлжилт хүндэрсэн сумдын зорилтод бүлгийн малчдад хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэх, барилга байгууламжийг паспортжуулах зэрэг ажил хийх юм. 
Мөн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг аймаг, сумын хэмжээнд боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хот суурин газарт обьектийн гал түймэр гарсан үед ашиглах усны цэг, гидрантын байршлыг нэмэгдүүлэх, тэмдэгжүүлэх, гамшгийн үед ашиглах туслах замын зураглалыг шинэчлэх замаар нэн шаардлагатай түргэн тусламж, гал унтраах, аврах ангийн автомашин саадгүй зорчих нөхцөл бүрдүүлэх, үүнд хаягжилтийг тодорхой болгох гэх мэт асуудалд анхаарч ажиллахаар боллоо.
Үүнээс гадна Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн тэмдэг, албан бланкыг холбогдох зардлаас гарган хийлгэхээр шийдвэрлэсэн байна. Цаашид тус зөвлөлийн дотоод журмыг боловсруулж, мөрдөх аж.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ