Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх хүүхэд хөгжүүлэх дугуйлангийн багш МУСТА, хөгжмийн зохиолч Ж.Батцэнгэл, СТА бүжиг дэглээч, судлаач Д.Ганбаяр нарын хамтарсан “Дуу бүжгийн жигүүртэй он жилүүд” тоглолт Хөгжимт театрт боллоо. Тоглолтод Ховд аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх Хүүхдийн ордны бүжиг, дуу, хөгжим дугуйлангийн авьяаслаг сурагчид, үе үеийн шавь нар оролцож хүүхэд залуус, үзэгч түмнийг нэгэн үдэш дуу хуур, бүжиг наадмын хөг аялгуун дор сэтгэлийн цэнгэл эдлүүлжээ.
Тус тайлан тоглолтыг зохион байгуулахад олон хүний хөдөлмөр шингэсэн төдийгүй ГБХЗХГ-ын дуу, хөгжим, бүжгийн дугуйлангийн зуны сургалтанд хамрагдсан 120 орчим хүүхэд багачууд өөрсдийн сурч мэдсэн зүйлсээ үеийн найзууд болон эцэг эх, эгч дүү нартаа тайлагнаж, урлагаар дамжуулан хэрхэн хөгжиж чадсанаа бусдад харуулж чадсан юм. Тоглолтын үеэр МУСТА, хөгжмийн зохиолч Ж.Батцэнгэл, СТА бүжиг дэглээч, бүжгийн багш Д.Ганбаяр нарыг Ховд аймгийн ГБХЗХГ-ын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан бөгөөд аймгийн БСУГ-аас бүжгийн багш Д.Ганбаярыг “Аргазүйч багш” тэмдгээр шагнаж урамшуулсан юм.
“Дуу бүжгийн жигүүртэй он жилүүд” тайлан тоглолтын төгсгөлд Ховд аймгийн ГБХЗХГ-аас хөдөлмөр зүтгэл авъяас билгээрээ манлайлсан хүүхэд багачуудад өөрсдийн нэрэмжит шагналыг гардууллаа. Тухайлбал дуулаачийн анги болон хөгжим ангийн дугуйлангийн сурагчдаас Жаргалант сумын 2-р сургуулийн сурагч Ж.Ертуган “Авъяас” алтан медаль, лаборатри 1 дүгээр сургуулийн сурагч Н.Хүслэн, 7 дугаар сургуулийн сурагч Б.Мөнх-Очир нар “Авъяас” мөнгөн медаль, “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн сурагч М.Тэргэл, Б.Мишээл нар “Авъяас” хүрэл медалиар тус тус шагнагдсан байна. Харин бүжгийн дугуйлангийн сурагчдаас , Жаргалант сумын лаборатори 1 дүгээр сургуулийн сурагч Х.Хүслэн, Ч.Амарзаяа нар “Алтан” медаль, Прогресс сургуулийн сурагч Ч.Гэгээнжаргал, 1 дүгээр сургуулийн сурагч Ө.Маргалжингоо нар мөнгөн медаль, 6 дугаар сургуулийн сурагч Г.Нарангэрэл, 1 дүгээр сургуулийн сурагч Ц.Ариунзул, Х. Бүдханд нар хүрэл медалийн эзэд болсон байна.