Мобиком Корпораци ХХК-иас Нийгмийн хариуцлагын ээлжит нэгэн төслөө хэрэгжүүлж эхэлсэн нь Монгол орны өнцөг булан бүрд сурч боловсорч байгаа хүүхэд багачуудыг ундны цэвэр усаар хангах зорилготой “Хүүхэд бүрд цэвэр ус” төсөл. Энэ төслийн хүрээнд Ховд аймгийн 12 жилийн 7-р сургууль, 12 жилийн 6-р сургууль, 12 жилийн 1-р сургууль, Прогресс сургууль, Цаст-Алтай цогцолбор сургууль гэсэн 5 сургуульд чанар стандартын шаардлага хангасан тус бүр 2 ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг олгож байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2020.09.02/ Төслийн нээлтийн үйл ажиллагааг 12 жилийн 7-р сургууль дээр зохион байгуулж "БАТЛАМЖ"-ийг гардуулан өглөө.
Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада тэргүүтэй төслийн багийнхан, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, 12 жилийн 7-р сургуулийн захирал н.Алтантунгалаг болон тус сургуулийн багш ажилчид, сурагчдын төлөөлөл оролцлоо.
Мобикомын бүх хэрэглэгчдэд зориулан гаргасан “Хайр түгээе” тусгай цэнэглэгч картын борлуулалтын 10 хувийг “Хүүхэд бүрд цэвэр ус” төсөлд зарцуулсан бөгөөд уг төсөл Мобиком Корпораци болон Мобикомын 1,5 сая хэрэглэгч хамтран хэрэгжүүлсэн нийгмийн хариуцлагын төсөл гэдгээрээ онцлогтой. Тэр ч утгаараа төсөл амжилттай хэрэгжихэд Ховд аймаг дахь Мобикомын хэрэглэгчдийн оролцоо, хувь нэмэр асар их байсан гэдгийг төслийг санаачлагч Мобиком Корпорацийн хамт олон онцолсон юм.
Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхэлсэн энэхүү төслийн үр дүнд өдгөө Монгол орны 111 ЕБСургууль хамрагдаж, нийтдээ 210 ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг суурилуулснаар 200’000 гаруй сурагч багачууд, багш ажилтнууд өдөр бүр хүссэн үедээ эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангагдах боломж бүрдээд байна. Тухайлбал, 12 жилийн 7-р сургуулийн хувьд л гэхэд 1300 гаруй хүүхэд багачууд, нийт багш нар төслийн үр шимийг хүртэж цэвэр усаа уух бүрэн боломж бүрдлээ.