Ховд аймаг нь
“Авилга хүнд сурталгүй аймаг болох” зорилт дэвшүүлэн 2018 оноос эхлэн
“Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Тус хөтөлбөрийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулж, шат шатны төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Стандарттай Ховд” хөтөлбөр юм.
Уг хөтөлбрийн хүрээнд аймгийн ЗДТГ-аас
“Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран 8 сарын 17-23-ны өдрүүдэд төрийн 9 байгууллагад олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, байгууллагын дотоод аудитор бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
ISO 9001:2015 стандартыг Ховд аймгийн ЗДТГ нэвтрүүлж, 2019 оны 12 сард батламжаа гардан авсан бөгөөд цаашид төрийн захиргааны болон үйлчилгээний бүх байгууллагад нэвтрүүлэхээр ийнхүү зорьж ажиллаж байгаа юм.
Чанарын менежментийн тогтолцооны тус стандартыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэн, ажлын давхардал хийдэлгүй болж, албан бичиг хөтлөлтийн эмх цэгц сайжрах нөхцөл бүрдэх юм.