Ховд аймгийн Буянт сумын иргэн Б нь энэ сарын 11-ний өдөр тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас барсан юм. Тус иргэний шинжилгээний дээж сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээсэн. Ингээд онош өчигдөр 00:37 цагт лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдсан гэж аймгийн Онцгой комисс мэдээллээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс гурав дахь удаагаа хуралдлаа. Хурлын үеэр тарваган тахал өвчний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд шуурхай хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцэв. Тарваган тахлаар өвчилсөн иргэний нэгдүгээр хавьтлын 91 хүн байгаа. Тэдний биеийн байдал хэвийн, эрүүл мэндийн үзлэг хяналт үргэлжилж байна. Тодруулбал, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 62, Цэцэг, Буянт суманд нэг, гэрт 27 иргэн тус тус тусгаарлагдаж, цагдаа, онцгой байдлын газар зэрэг мэргэжлийн байгууллагын алба хаагчид хамгаалалтад авсан байна. Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалын дагуу эдгээр иргэдийг 6 хоног тусгаарласны дараагаар цаашид хэсэгчилсэн хориог цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэх юм. Энэ удаагийн хурлаар тусгаарлагдсан иргэдийн харуул хамгаалалтыг сайжруулах , тарваган тахал өвчний улмаас нас барсан иргэнийг оршуулах зан үйл, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохион байгуулахад анхаарах талаар холбогдох албаныханд заавар зөвлөгөө, үүрэг чиглэл өгөв.