Ховд аймгийн хэмжээнд 3000 гаруй газар тариалан эрхлэгч бий. Тэдний нэг бол Ж.Түвшин-Амар юм. Тэрбээр энэ жил "Улсын аварга тариаланч" цол хүртлээ.
Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн тариаланч Ж.Түвшин-Амар 1990 оноос эхлэн газар тариалангийн салбарт ажиллаж байгаа. Тэрбээр 30 гаруй жил хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж, энэ онд Нарийн гол багийнхаа анхны Улсын аварга тариаланч цолтон болсон аж. Тэрбээр гурван трактор бүхий хадлангийн салаатай. Мөн хүнсний ногоо, тэр дундаа тарвас голчлон тарьж байна.
Улсын аварга тариаланч Ж.Түвшин-Амар хэлэхдээ: "Хадлан бэлтгэх, хүнсний ногоо тарих нь олон хүний хамтын хүч, хөдөлмөрөөр бүтдэг. Эхнэр, зургаан хүүхдийн хамт амьдарч байна. Манай гэр бүл 10 орчим га талбайгаас сүүлийн гурван жил дараалан 30-35 тонн ургац хураан авсан. Энэ жилийн тариалалтын ажил үргэлжилж байна. Жил бүр 4-5 залуу өрхийн амьжиргааг дэмжиж, ажлын байраар хангадаг" гэлээ.