Олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийг илрүүллээ



Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт оршин суух иргэн “Б”-ийн гэрт  энэ оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 23:00 цагийн орчимд  хулгай оржээ. Улмаар  8 ширхэг мөнгөн аяга, бусад эд зүйлийг иргэн “Т” хулгайлж байхад нь гэрийн эзэн орж ирсэн байна. Гэмт этгээд хэргийн газраас зугтахдаа хохирогчийн цээжин тус газарт 6 удаа хутгалж оргон зайлсан. Уг хэргийн талаарх дуудлага мэдээлэл Цагдаагийн газарт  тус өдрийн  23:30 цагт ирсэний дагуу бие бүрэлдэхүүнийг хэсэгчилсэн байдлаар түргэн цугларалтаар дуудаж, шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулжээ. Энэ ажлын  үр дүнд дээрх хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын харъяат, урьд нь 2 удаагийн ял шийтгэлтэй иргэн “Т” үйлдсэн болохыг тогтоосон байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь Ховд аймагт  энэ оны зургаадугаар сарын 10-ны өдөр нийтийн тээврийн хэрэгслээр ирж,  гурван  хоногийн хугацаандаа Жаргалант сумын гэр хороололд оршин суух иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайн 5 удаагийн гэмт хэрэг үйлдсэнийг хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд илрүүлсэн гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ. 
Иргэд орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж,  гэр орон сууцаа удаан хугацаанд эзэнгүй орхихгүй, мөнгө, үнэт зүйлсээ нэг газар төвлөрүүлж хадгалахгүй байх, хөршийн хяналтаа сайжруулах,  ил задгай цоожноос татгалзах замаар далд найдвартай цоожоор хаалга үүдээ цоожлохыг  Цагдаагийн байгууллагаас анхааруулав. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ