Орон сууцны оршин суугчид өөрсдийн санаачилгаар нэгдэж, орчноо тохижуулах, зөв дадал хэвшүүлэх замаар цэвэрхэн, тохилог амьдарч байгаа зарим сайн туршлагаас танилцуулж байна. Ховд аймгийн Жаргалант сумын “Богоч констракшн” ХХК-ийн хоёр зуун наймын А, Б байранд нийт 27 айл өрх оршин суудаг. Эдгээр айл өрх хамтран байрны дэргэд тоглоомын талбай байгуулжээ. Улмаар хүүхдүүдийн санал санаачилгад тулгуурлан тоглоомын талбайн дүрэм боловсруулан байршуулсан байна. Ингэснээр хүүхдүүд тоглоомын талбай болон орчиндоо ил задгай хог хаягдал хаяхгүй байх зөв дадалд суралцсан гэнэ.
Хүүхдүүд хуваарийн дагуу мод, цэцэг, зүлгээ усалдаг
Түүнчлэн орон сууцны барилгын орчны өнгө төрхийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор оршин суугчид хамтран 6 цэцгийн мандал, зүлэг, 17 ширхэг мод тарьжээ. Улмаар тухайн байрны оршин суугчдын төлөөлөл болох 20 орчим хүүхэд тарьсан цэцэг, мод, зүлгийг услах, арчлах ажлыг хариуцаж байна. Тэд тусгай хуваарийн дагуу хариуцсан цэцэг, модоо усалж хэвшсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, хүүхдүүд зүлэг, цэцгийн мандлыг өдөр бүр усалдаг бөгөөд модыг пүрэв, бямба гаригт усалдаг гэнэ. Энэхүү ажлын үр дүнд иргэдийн хамтын хүчээр тав тухтай, тохилог, эко орчин бий болгосон. Бага насны хүүхдүүд орчноо цэвэрхэн, эко байлгах ажилд идэвхтэй оролцож байна гэж оршин суугчдын төлөөлөл онцоллоо.