-“COVID-19” вирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн Онцгой комиссын хурлаас шийдвэр гаргаж, аймгийн Засаг дарга архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон захирамж гаргасан. Энэ захирамжийн хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хэрхэн хяналт тавин ажиллаж байгаа талаар Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Болормаагаас тодрууллаа.
-Архи согтуурууах ундаа худалдан борлуулахыг хориглосон захирамжийн хэрэгжилтэд Цагдаагийн байгууллага хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг баар, ресторан, кафе, дэлгүүр, зоогийн газар зэрэгт үзлэг шалгалтыг тогтмол зохион байгуулж ажиллалаа. Тухайлбал, өдрийн эргүүлд 6 алба хаагчийг 10:00-18:00 цагийн хооронд, нэмэлтээр 20 алба хаагч 17:30-20:00 цагийн хооронд, оройн эргүүлд 10 алба хаагч 19:00-01:00 цагийн хооронд ажиллаж давхардсан тоогоор чиглэл тус бүртээ нийт 972 удаа хяналт шалгалтыг хийж ажилласан байна.
-Энэ хугацаанд ямар зөрчил дутагдал илрэв? Захирамж зөрчин үйл ажиллагаа явуулсан иргэн, хуулийн этгээдэд ямар хариуцлага оногдуулж байна вэ?
-Хяналт шалгалтаар нэр бүхий аж ахуйн нэгж, хүнсний дэлгүүрүүд аймгийн Засаг даргын захирамж зөрчин архи согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчил хэд хэд илэрсэн. Илэрсэн зөрчилд хуулийн хүрээнд холбогдох хариуцлагыг хүлээлгэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан 7 аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар нийт 6.500.000 төгрөгийн торгууль ногдуулсан байгаа. Ер нь иргэдийн дунд ахуйн хүрээнд архидан согтуурдаг, хэрүүл маргаан үүсгэдэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчил дутагдал гарсаар байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар иргэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг холбогдох байгууллагад мэдээллэх үүрэгтэй. Тиймээс иргэд худалдаа үйлчилгээ явуулж буй дэлгүүр, үйлчилгээний төвүүд согтууруулах ундаа борлуулсан, түүгээр үйлчилсэн эсвэл хууль бусаар гар дээрээс согтууруулах ундаа зарж борлуулж буй зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн газрын 7043102, 99431111 дугаарын утсанд өгч болно.
-Архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй байх хугацааг 4-р сарын 30 хүртэл дахин сунгасан байна. Энэ хугацаанд захирамжийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж ажиллах вэ?
-Аж ахуй нэгж, дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудын архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг түр хориглосон аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар 10-ны өдрийн A/150 дугаар захирамжийн хэрэгжилтийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сунгасан. Цагдаагийн байгууллагаас холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг тогтмол хийж, алба хаагчид эргүүл, хяналтыг хуваарийн дагуу зохион байгуулна.
Иймд худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд та бүхнийг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Таны хууль зөрчиж зарсан нэг шил архины цаана ямар ч эрсдэл учирч болзошгүй гэдгийг ухамсарлан ойлгох хэрэгтэй.
ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА