Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийж байна./2020.03.27/

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улс орны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлынхаа хүрээнд мэдээлэл өгье. Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 улсад коронавирусийн халдвар гараад байна. 

Манай улсад коронавирусийн 11 тохиолдол бүртгэгдэж, хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа. 

Засгийн газраас хоёр чиглэл барьж ажиллаж байна. Эхнийх нь Монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах хоёрдугаарт эдийн засгийн нөхцөл байдалд анхаарч байгаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд тогтоосон хорио цээрийн дэглэмийг ард иргэд мөрдөх ёстой. Зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлуудыг бид барьж аваад халдвар гаргахгүй ажиллаж байгаа. Улс орны хэмжээнд хүндэрсэн нөхцөл байдал одоогоор алга.

Ард иргэд маань хамгийн түрүүнд амар амгалан, эрүүл энх байх ёстой. Цөөхөн хүн ам энэ өвчнөөр өвчилбөл ямар аюул заналхийлэхийг Та бүхэн мэдэж байгаа. Ард иргэдийн санаачилга ухамсар өвчний халдвар тархахаас нөлөөлөхөд чухал нөлөөтэй байгаа. 

Боломжтой бүх нөөц бололцоогоо бид ашиглаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас ЭМ-ын салбарын шаардлагатай тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтэд 17 тэрбум төгрөг зарцуулаад байна. Мөн нэмээд 20.6 тэрбумыг шийдээд явж байгаа.

Цаашдаа бид 159 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эмнэлгийн салбар болон холбогдох байгууллагуудад зарцуулна. Энэ мөнгөний эх үүсвэрийг олсон.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалахад зориулан үндсэндээ 200 тэрбум төгрөг зарцуулж байгааг хэлмээр байна.

Энэ хүндэрсэн нөхцөл байдалд улс орны эдийн засгийг дэмжихээр дараах долоон арга хэмжээг авахаар боллоо.

1. Иргэд, аж ахуй нэгжүүдийн НДШ-ийг 6 сарын хугацаатай бүрэн ЧӨЛӨӨЛЖ тэглэлээ. 4/1-10/1)
2. Иргэдийн цалин хөлсний 10%-ийн татварыг 6 сарын хугацаатай тэглэлээ.(4/1-10/1)
3. Аж ахуйн нэгжүүдийг 6 сарын хугацаанд орлогын албан татвараас бүрэн ЧӨЛӨӨЛЛӨӨ. 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой а/а нэгжүүд. (4/1-10/1)
4. Шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрд сар бүр 200,000 төгрөгийг 3 сарын хугацаанд олгоно.
5. Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчдаас ноолуур худалдан авахад зориулан 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 3%-ийн хүүтэйгээр үйлдвэрлэгчдэд олгоно.
6. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор 18 хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 10.0 мянган төгрөгийг 3 сарын хугацаанд боловсролын салбарын хэмнэгдсэн зардлаас олгоно.
7. Нефьтийн ханш дэлхийн зах зээл дээр буурсантай холбогдуулан бензины үнийг 4.15-аас эхлэн 300 төгрөгөөр бууруулна.

Эдгээр арга хэмжээнд 5.1 их наяд төгрөг зарцуулах шийдвэр гаргаж байна.

ВИДЕО:

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ