Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь төрийн үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор
MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлж, албан ёсоор
"БАТЛАМЖ"-аа гардан авсан. Уг стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан
“Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ, хянан баталгаажуулалт хийсэн
“Монсертф” ХХК-ийн төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг 3-р сарын 20-24-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсгийнхэн өнөөдөр /2020.03.20/ аймгийн ЗДТГ-тай хамтын ажиллагааныхаа хүрээнд хамтран боловсруулсан
“Стандарттай Ховд” хөтөлбөрийн төслийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржавд хүлээлгэн өглөө.
Ажлын хэсгийнхэн уг хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудад менежментийн тогтолцооны олон улсын стандартын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм. Тодруулбал, Ногоон хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчны менежментийн тогтолцоо, Авилгын эсрэг менежментийн тогтолцоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо зэрэг стандартыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллах юм.
“Стандарттай Ховд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, чанар стандартын шаардлага хангасан зүй зохистой, зөв хэрэглээ, үйлчилгээг бий болгох, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой болохыг албаныхан онцолж байв.