ХОНЬ ЖИЛТЭН ШИНИЙН НЭГЭНД МӨР ГАРГАХ ЁСОН



Эрэгтэй хүний «билгийн» насыг «Гал»-аас нар зөв, эмэгтэй хүнийг «Ус»-наас нар буруу тойруулан тоолж энэ жил ямар хөлөлд суусныг олно. Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргахдаа, тухайн жилд суусан хөлөлийн “ цог хийморийн ” зүгт гарч, “ буян хишгийн ” зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт “ хар нохойн ам ” таарвал “ эмийн “ ба “ амин ” зүгт мөрөө гаргаад “ буян хишгийн ” зүгээс гэртээ ирнэ. “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн “ хар нохойн ам ” аль зүгт буйг үзүүлье. Үүнд: Жилийнх нь хойд, сарынх нь зүүн, өдрийнх нь баруун зүгт байна. Шороо, огторгуй, уул, хий суудалд суувал «Суудал өнцөгдсөний»; нэг гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр нэг суудалд давхацвал «Суудал салгуулах» засал хийлгэдэг болой.

«ШОРООН» суудалд суусан хүн–«Буян хишиг барьсан» тул сайн. Тэр жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү авагтун. Алт мөнгө, зэс, төмөр авахгүй байх. Улаан хонины мах идэхгүй, чоно барьсан малын мах идэхгүй, бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй байх хэрэгтэй. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1931, 1955, 1979, 2003.
Мөрөө гаргахдаа – “ Ум бадма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун хойд(эмийн)   зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, шавар зүүн зүгт хаяж, шавар эсвэл гурилаар «хонины толгой» хийн баруун урьд зүгт газарт булаад, баруун урд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Саейнинбо уншуул, «Сац» 1000 дэлс. Газар усаа тахь.

«ОГТОРГУЙ» суудалд суусан хүн–«Уут барьсан» тул маш муу. Тэр жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Өндөр газар явахаас цээрлэ. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эмэгтэй: 1931, 1955, 1979, 2003.
Мөрөө гаргахдаа –“ Ум пагма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн хойд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас зүүн зүгт хаяж, гурилаар «нохойн толгой» хийн баруун хойд зүгт газарт булаад, баруун хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Алтангэрэл, Намхайнинбо, 13 сан уншуул.

«УУЛ»
суудалд суусан хүн–«Гангар (шаазан) барьсан» тул муу. Тэр жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1919, 1943, 1967, 1991, 2015.
Мөрөө гаргахдаа – “ Ум будда дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун хойд(цог хийморь) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо өмнө зүгт хаяж, гурилаар «үхрийн толгой» хийн зүүн хойд зүгт газарт булаад, зүүн хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан уншуул. Шүтдэг газар орноо тахь.

«ХИЙ» суудалд суусан хүн–«Шөргүүл барьсан» тул муу. Тэр жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжилж байх шаардлагатай. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эмэгтэй: 1919, 1943, 1967, 1991, 2015.
Мөрөө гаргахдаа – “ Ум базар пад дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, урд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, гурилаар “лууны толгой” хийн зүүн урд зүгт газарт булаад, зүүн урд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Засал–Сундуй, Цагаан шүхэрт уншуул. Суварга босго. Тахилгатай газар орныг тахь.

ЗУРХАЙЧ Д.ЦОГТБААТАР
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ