Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, орон нутгаас оёдлын үйлдвэр, цехүүдээ түшиглэн эхний ээлжинд төв суурин газар амьдарч буй 40000 иргэнийг амны хаалтаар хангах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн тус ажлыг сумандаа зохион байгуулахыг сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт үүрэг болгоод байна. Тэгвэл өнөөдөр Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй Дэлхийн зөн ОУБ-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газраас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 5000 амны хаалт хийх зориулалтын материалыг худалдан авч, маск үйлдвэрлэх оёдлын цехүүдэд нийлүүлэхээр боллоо.
Мөн тус байгууллагаас хүүхэд хамгаалал, орон нутгийн оролцоо, өрхийн амьжиргаа болон даван туулах чадварыг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрийн зорилтот сум болох Манхан, Зэрэг, Мянгад, Дөргөн сумын 126 өрхийн 422 хүүхдэд тэжээллэг хоол хүнс, 50 өрхийн 125 хүүхдэд түлээ, нүүрсний дэмжлэг үзүүлэн ажилласан байна.
Цаашид зорилтот бүлгийн 350 орчим малчин өрхөд тэжээлийн тусламж үзүүлэх, хөтөлбөрт хамрагдаж буй 2500 хүүхэд болон тэдний гэр бүлд гар ариутгагч, бактерийн эсрэг савангийн багц, томуу, томуу төст өвчин болон коронавирусээс хэрхэн сэргийлэх талаарх гарын авлага тараах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.