Улиран өнгөрч буй
"Урвуулагч" хэмээх шороон Гахай жил Ховдчуудын хувьд амжилт ололт, бүтээн байгуулалтаар дүүрэн, хөгжлийн олон чухал ажлууд гараанаас хөдөлсөн түүхэн жил болон өнгөрч байна. Хавартаа хур, бороо элбэгтэй, зундаа дэлгэр, намартаа налгар байж, хүн, малын зоо тэнийсэн сайхан жил боллоо. Малчид буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн Ховд аймаг 3,3 сая толгой малтай боллоо. Жилээс жилд хүн амын тоо өсөн нэмэгдэж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 410,0 тэрбум төгрөгт хүрч, аймгийн төсөвт 12,0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүллээ.
2019 онд Улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, өрхийн болон жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой болгох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна. Ингээд "Урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн "ОНЦЛОХ АЖИЛ"-ыг цувралаар хүргэж байна.
"ОНЦЛОХ АЖИЛ"-1 БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭВ
Олон жилийн турш яригдсан ч ажил хэрэг болж чадахгүй байсан Монгол, Бельгийн Засгийн газар хоорондын 6.4 сая евро буюу 18 тэрбум төгрөгийн өртөг бүхий Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг чадавхжуулах төслийг энэ онд амжилттай хэрэгжүүллээ.
Үүний үр дүнд Улаанбаатар хотын лавлагаа эмнэлгүүдэд төдийлөн суурилагдаагүй 128 зүслэг бүхий томограф, Францын Аpelem брендийн рентген аппарат, хагалгаа хийх үеийн рентген дижитал аппарат, 4D болон нүдний эхо, Олимпус брендийн ходоодны болон эмэгтэйчүүдийн уян дуран, тархины цахилгаан бичлэг, тархины доплер зэрэг 53 нэр төрлийн 102 ширхэг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг суурилуулан ашиглаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр жилд дунджаар 1800-2200 орчим иргэдийн хотод эмчлүүлэх, онош тодруулах зардал, эдийн засгийн дарамтыг бууруулж, Улаанбаатар хотод хийдэг нарийн шинжилгээнүүдийг орон нутагтаа хийх боломж бүрдлээ.
ВИДЕО: