Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Эрдэнэчулуунаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган сумын Булган боомтод ажиллалаа. Ажлын хэсгийнхэн шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын хүрээнд Булган боомтын үйл ажиллагаатай танилцав. Улмаар тус боомтод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад шинэ төрлийн коронавирусний тархалт, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу аймаг орон нутаг болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах зүйлс, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаг үеийн байдалтай холбогдуулан заавар зөвлөгөө өгч ажиллалаа.
Мөн албан хаагчид өндөр эрсдэлтэй цэгт ажиллаж байгаа тул өөрсдийн эрүүл аюулгүй байдлыг сайтар хангах, хариу арга хэмжээ цаг ямагт үр дүнтэй зохион байгуулах хэрэгтэй байгааг онцлон дурьдав.
Мо-Эн-Ко ХХК-д нүүрс тээвэрлэлтэд явж байгаа жолооч нарын халууныг тогтмол хэмжиж, халдваргүйжүүлэгч, амны маскаар хангах, халуунтай тохиолдолд тээвэрт явуулахгүй байх, холбогдох байгууллагад яаралтай хандахыг үүрэг болголоо. Өдгөө нүүрс тээвэрлэлтэд явж буй тээврийн хэрэгсэл болон жолоочид ариутгал халдваргүйтгэл хийж, жолооч нарын халууныг байнга хэмжиж, эрүүл мэндийн хуудсаар асуумж авч урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна.