Ховд аймгийн ГХБХБГ-ын 2019 оны ажлын үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад 6.2 хувиар өссөн байна



Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Б.Баярсүхтэй ярилцлаа. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар \ГХБХБГ\-ын хамт олон өнгөрсөн 2019 оныг “Иргэн төвтэй, ил тод, ухаалаг газрын харилцааны жил” болгох зорилт дэвшүүлэн ажилласан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор хэд хэдэн шинэлэг ажлыг санаачлан зохион байгууллаа. Үүний нэг бол хогийн цэг байсан газрыг дахин төлөвлөлтөд оруулж, үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлсэн ажил юм. Тус ажил нь 2019 онд салбартаа “Шилдэг ажил”-аар шалгарав. Түүнчлэн Ховд аймгийн ГХБХБГ нь Барилгын хөгжлийн төвтэй 2019 онд үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан. Тус гэрээний биелэлт, 2019 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ дэд байрт шалгарсан. Улмаар тус байгууллагын 2019 онд гүйцэтгэсэн ажлын үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад 6.2 хувиар өссөн байна. Энэхүү үзүүлэлтээр Ховд аймгийн ГХБХБГ нь улсын хэмжээнд салбартаа хоёрдугаар байрт жагсаж байгаа гэж тэрбээр онцоллоо.     

                             2019 онд давхардсан тоогоор 5600 гаруй иргэнд газрын харилцааны үйлчилгээ үзүүлжээ

Тус байгууллага нь өнгөрсөн 2019 онд давхардсан тоогоор 5600 гаруй иргэнд газрын харилцааны үйлчилгээ үзүүлж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 1961 өргөдөл хүсэлт хүлээн авчээ. Үүнээс 1849 өргөдлийг аймаг, сумын Засаг даргын захирамжаар шийдвэрлэжээ. Мөн 112 өргөдөл хянан шийдвэрлэх шатанд явж байна.Мөн хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, ахмад настан зэрэг зорилтот бүлгийн 28 иргэнд төрийн үйлчилгээг газар нь хүрч үзүүлжээ.  

                             Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 49 га газрыг 700 иргэнд олгов

Өнгөрсөн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу аймгийн хэмжээнд нийт 700 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хашааны газар олгосон байна.  Ховд аймгийн Жаргалант сум нь 2018 оны статистик мэдээллээр 8200 өрх, 30296 хүн амтай ба 8100 га нутаг дэвсгэртэй. Нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ Монгол улсын 330 сумаас 321-д бичигддэг, газрын нөөц багатай сум юм. Энэ утгаараа 22 мянган иргэн газар эзэмшиж, өмчлөөгүй байгаа юм. Иймд 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр Цамбагарав багийн нутаг,  Буянт гол \их гол\-ын ард 540 иргэнд шинээр газар эзэмшүүлэхээр тусган хэрэгжүүлж байна.

Ховд аймагт 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 46, орон нутгийн төсвөөр 123 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлжээ. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ