Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2020.01.22/ Улсын Тэргүүний Зэрэг суманд ажиллаж байна. Ажлын хэсэг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Баярт болон төсвийн байгууллагын дарга, эрхлэгч нартай уулзалт хийж, орон нутагт ажиллаж буй зорилго зорилтоо танилцуулахаас гадна өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа журмын дагуу хэрхэн үнэлж дүгнэх, тайлан, мэдээллээ гаргахдаа юуг анхаарах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөв.
Дараа нь хяналт үнэлгээний ажлын хэсэг чиг үүргийнхээ дагуу байгууллагуудын ажил байдалтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус сумын төсвийн 5, ОНӨААТҮГ-ын 2, Гал түймэр унтраах, аврах 70-р анги, УЦУОШ-ний өртөө зэрэг байгууллагуудад нийт 213 албан хаагч ажиллаж байна.
2019 онд улсын болон аймаг, орон нутгийн нийт 1,8 тэрбум төгрөгийн 14 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллажээ.
Үүнээс гадна олон улсын байгууллагын дэмжлэг, санхүүжилтээр 15 төсөл арга хэмжээг 129,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн байна.
Тус сум нь 840 өрх, 3326 хүн амтай, 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор мал аж ахуйн 4 багт 151643 толгой мал тоолуулжээ. Нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй, одоогоор цаг мал хүндрээгүй, өвөлжилт хэвийн байна. Өвөл, хаврын бэлтгэлийг сайтар хангаж малчид 3000 тонн өвс, 300 тонн, 422 тонн хужир шүү, ЗДТГ 50,0 тонн өвс, 30,0 тонн тэжээл, 6,0 тонн тэжээл бэлтгэн нөөцөлжээ.