Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболдоор ахлуусан ажлын хэсэг Дарви суманд ажиллах үеэр тус сумын Засаг дарга О.Ганцоож ажлын хэсгийнхэнд өнгөрсөн 2019 онд хийж хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийсэн юм.
Дарви сум нь 814 өрхийн 3057 хүн амтай, 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 214000 мянган мал тоолуулжээ. Малчид малаа худалдан борлуулж зах зээлийн эргэлтэд оруулсанаас тус сумын малын тоо өнгөрсөн жилийнхээс 10 мянга орчмоор буурчээ. Өвөлжилт өнтэй байгаа болохоор малчид энэ жил өөр аймаг, сумын нутагт отроор яваагүй, өөрийн нутагтаа өвөлжиж байна.
Дарви сумын ИТХ, ЗДТГ, Эмнэлэг, Сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Цаг уурын станц гээд төрийн байгууллагад нийтдээ 150 гаруй төрийн албан хаагчид ажиллаж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна.
Өнгөрсөн 2019 онд Дарви суманд Улсын төсвийн болон аймаг орон нутгийн нийт 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгджээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг тус сумын удирдлага, баг хамт олны 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх үүднээс хяналт хийж, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөгөө өглөө.
Мөн сум орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, хүрсэн үр дүн, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийв.
Дарви сумынхан "Хог"-ны асуудлаа бүрэн шийдвэрлэжээ
Дарви сум 2019 онд “Хоггүй цэвэрхэн Дарви сум” уриалга дэвшүүлэн ажиллажээ. Энэ хүрээнд олон жилийн хур хог хаягдлаа цэгцлэх ажлыг амжилттай хийсэн байна.
Тодруулбал, Төсвөөс нэг ч төгрөг зарахгүйгээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Мо-Эн-Ко ХХК, Тефис Майнинг ХХК-тай хамтран 15 га талбайд тархсан хур хог хаягдлыг Ландфилын аргаар булшилж цэвэрлэжээ. Цаашид шинээр гаргасан хогийн цэгийн орчимд худаг гаргах, ойн зурвас байгуулах, байнгын харуул хамгаалалттай болгохоор төлөвлөжээ.