Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал, Ерөнхий консул Габриелла Спирли 5-р сарын 21, 22-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр түүнийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ЗДТГ-ын дарга Д.Энхболд болон холбогдох албаны бусад хүмүүс хүлээн авч уулзан, аймаг орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, Монгол, Швейцарь Улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Ховд аймагт хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний явц, гарч буй үр дүнгийн талаар санал солилцлоо.
Өнөөдрийн байдлаар Швейцарын хөгжлийн агентлагаас Ховд аймагт Бэлчээрийн менежмент, Малын эрүүл мэнд, Ногоон алт төсөл, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах төсөл, Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл буюу MASAM төсөл гэсэн 3 төслийг хэрэгжүүлж байна. Уулзалтын үеэр аймгийн удирдлагууд 2 улс хоорондын олон жилийн түүхтэй хамтын ажиллагааг бэхжүүлж, цаашид улам өргөжүүлэн ажиллах зорилгоор хэд хэдэн санал хүсэлтийг уламжилсан юм.
Тухайлбал, Ногоон алт төслийн хүрээнд байгалийн хадланг ашиглан Буянт, Булган, Мянгад сумдад “Хадлангийн механикжсан салаа байгуулах төсөл”, аймгийн ГХБХБГ-ын “Газрын мэдээллийн нэгдсэн сантай болох төсөл”-үүдийг дэмжиж ажиллах, МАА-н бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх тогтолцооны нэгдсэн сүлжээг бий болгох, цөлжилтийг бууруулах зорилгоор Ховд, Буянт суманд услалтын систем байгуулах зэрэг ажлуудыг үргэлжлүүлэн хийж хэрэгжүүлэх зэрэг саналуудыг тавьсан юм.
Харин Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал Ерөнхий консул Габриелла Спирли дээрхи саналуудыг төслийн багийнхандаа танилцуулж, ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэдгээ онцоллоо.Тэрээр 5-р сарын 22-ны өдөр Ногоон алт төслийн хүрээнд Ховд аймгийн Дөргөн, Чандмань сумдад ажиллах юм.